“Орбита” нүдний эмнэлгээс болж хохирсон иргэн Улсын ерөнхий прокурорын газарт хандах талаар мэдээллээ. Тэрээр нүдэндээ гэмтэл аваад, “Орбита” эмнэлэгт гурван удаагийн хагалгаа хийлгэсэн байна. Хагалгааны дараа биеийн байдал улам дордож, гоо сайхнаараа ч хохирсон тул хохирлоо барагдуулахаар тус эмнэлэгт ханджээ. Эмнэлгийн зүгээс “Явдаг газраараа яв, юу ч олж долоохгүй. Манай нөхөр прокурор” зэргээр доромжилж, хохирол барагдуулахгүй гэдгээ хэлсэн байна.
Хохирсон иргэн “Би 2019 онд нүдэндээ гэмтэл аваад, хэвийн ажил үүрэг гүйцэтгэж байгаад “Орбита” эмнэлэгт үзүүлэхэд хагалгаа хийхгүй бол болохгүй гэсэн зөвлөгөө өгсөн. Үүний дагуу нэгдүгээр сарын 7-нд хагалгаанд орсон. миний нүдний байдал дээрдээгүй тул дөрөвдүгээр сарын 5-нд дахиад хагалгаанд орсон. Дахиад долоодугаар сарын 4-нд хагалгаанд орсон. Нэг хагалгаа хийгээд 3-6 сарын дараа асуудалгүй гэсэн тайлбар нь өөрчлөгдөж, үргэлжилсэн эмчилгээ хийж байна гэж худлаа ярьж байна. Үргэлжилсэн эмчилгээ гэдгээр нь миний эрүүл мэнд улам дордож байна. Гоо сайхнаараа хохирлоо. Том, жижиг нүдтэй боллоо. Зовхи доошоо унжлаа. Нулимс өмнөхөөсөө их гоождог боллоо. Нүд нуухтаж, бүрэлзээд, хөдөлмөр эрхлэх боломжгүй боллоо. Би гадагшаа явж амьдрал ахуйгаа дээшлүүлэх зорилготой. Гэтэл гадаадад очоод янз бүр болж магадгүй гээд хойшлуулсаар байна. Эмнэлэгтэй зууралдсаар ажил ч үгүй боллоо.
Хохирол гомдлоо барагдуулъя гээд долоодугаар сарын 17-нд хотод ирсэн. Өнөөдрийг хүртэл 59 дэх хоногтоо явж байна. Эмнэлгийн зүгээс надад “Явдаг газраараа яв, юу ч олж долоохгүй. Манай нөхөр прокурор” гэх мэтээр айлган сүрдүүлж, доромжилсон. Тиймээс хууль хяналтын байгууллага, төрийн байгууллага, төрийн бус байгууллага гээд бүх газраар явж байна. Учир нь миний баруун нүд төрөлхийн хардаггүй. Ганц хардаг нүдэнд маань хагалгаа хийж, зүгээр болгох бус бүр дордууллаа.
Хууль хяналтын байгууллагууд өргөдөл өг л гэнэ. Өчнөөн өргөдөл өгсөн ч хариу байхгүй. Миний нүд маш муу харж байгаа учраас өөрөө өргөдөл бичих боломжгүй болсон.
Миний хувьд бүх зүйл тэг цэгт хүрсэн. “Орбита” эмнэлгийн зүгээс хохирол гомдол барагдуулахгүй гэсэн. Бодит хохирол нь байсаар байхад хохироогоогүй гэх гээд байгаа юм уу, би ойлгохгүй байна” гэлээ.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.