БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун өөрийн хуягт галт тэргээр ОХУ-ын нутаг дэвсгэрт нэвтэрлээ. Энэ уулзалтыг ОХУ-ын батлан хамгаалахын сайд С.Шойгу энэ оны долоодугаар сард БНАСАУ-д айлчилж, Ким Жон Унтай уулзахдаа санал тавьж, эхлүүлсэн байх магадлалтай гэдгийг БНСУ болон АНУ-ын албаныхан таамаглаж байсан.
Тэд мөн Ким Жон Уны айлчлал нь зэвсгийн яриа хэлэлцээ хийх зорилготой гэж хардаж байгаа юм. АНУ-ын хувьд БНАСАУ-ыг ОХУ-д Украины дайнд ашиглах зорилгоор зэвсэг нийлүүлж байгаа гэж үзэж байгаа. Харин энэ айлчлалаар үүнийг улам нэмэгдүүлж болзошгүй байгаа гэж мөн барууны хэвлэлүүд мэдээлж байна.
Кремлийн зүгээс энэ уулзалтын талаар тодруулга өгөхөөс татгалзаж байсан ч ийнхүү хоёр удирдагч уулзах гэж байгааг баталсан юм. Түүнчлэн БНАСАУ-ын талаас Ким Жон Уны ойрын хүмүүс хамт айлчилж байгаа юм байна. БНСУ-ын батлан хамгаалах яам энэ уулзалтаар зэвсгийн яриа хэлэлцээ хийх эсэхийг анхааралтай ажиглаж байгаа гэсэн юм. Хэрэв зэвсгийн яриа хэлэлцээ болбол БНАСАУ хариуцлагаа заавал хүлээх ёстой гэдгийг АНУ-ын зүгээс удаа дараа анхааруулсан билээ.
Хамгийн сүүлд Ким Жон Ун 2019 онд мөн Владивостокд айлчилж, ОХУ-ын ерөнхийлөгчтэй уулзсан байдаг. Өнгөрсөн амралтын өдрүүдээр тохиосон БНАСАУ-ын үүсгэн байгуулагдсаны 75 жилийн ойн баярт баяр хүргэсэн мэндчилгээндээ В.Путин “Хамтын харилцаагаа нөхөрлөл дээр суурилан бэхжүүлнэ” гэсэн юм. Одоогоор Ким Жон Ун ОХУ-ын аль хот руу явах чиглэлтэй байгаа нь тодорхойгүй байна.
Эх сурвалж: BBC