Энэ сарын 22-нд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн ЕБС-иудын дунд “Өсвөрийн аврагч” тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулах гэж байна. Энэ удаагийн тэмцээний ач холбогдлын талаар тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа А.Алтансүхээс тодрууллаа.
Тэрбээр “Энэ тэмцээн ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын бие бялдрын хөгжилд эерэг нөлөөтэй. Мөн болзошгүй гамшиг ослын үеийн мэдлэг мэдээллийг олж авч болзошгүй эрсдэлийн үед өөрийгөө болон бусдыг аврах дадалд суралцдаг. Ганцхан жишээ дурдахад, өсвөрийн аврагч тэмцээнд оролцдог байсан Нийслэлийн 83 дугаар сургуулийн сурагч бага насны хүүхэд өндрөөс унах гэж байхад нь аварч чадсан. Тэр хүүхэд тэмцээндээ ороод, сэтгэл зүй нь бэлтгэгдэж, аврах ажиллагааны талаар мэдлэг ойлголттой байсан учраас л хүүхдийн амь аварсан гэж хэлж болно. Энэ мэт бодит үр дүн, ач холбогдол олон бий.
Нөгөө талаар “Өсвөрийн аврагч” тэмцээн гамшиг ослоос сэргийлэхээс гадна, онцгой байдлыг албыг сурталчилж байгаа. Тэмцээнд оролцсон сурагчдад батламж гардуулдаг. Энэ нь тухайн сурагч гадаадын их, дээд сургуульд суралцах, тэтгэлэг авах зэрэгт чухал үзүүлэлт болж өгдөг.
Өсвөрийн аврагч тэмцээний үеэр сурагчид олон төрлөөр дадлага сургууль хийдэг. Онолоын мэдлэг, усанд осолдогчийг аврах анхан шатны мэдлэг, эмнэлгийн анхан тусламжийн үзүүлэх сургууль, хурд хүчийг шалгах, химийн хорт бодисоос урьдчилан сэргийлэх, тэмцэх, объектийн гал түймэр унтраах гээд 6-7 үе дамждаг. Иймээс ч сурагчид тэмцээний үеэр дадлагажиж, мэдлэг олж авч, сэтгэл зүйн хувьд бэлтгэгдээд гарч ирдэг. Дүүргийнхээ ерөнхий боловсролын 28 сургуулийн 240-300 хүүхдийг энэ дадлага сургуульд жил бүр тогтмол хамруулж байна.
Энэхүү тэмцээн, дадлагыг зохион байгуулах хөрөнгө мөнгөний асуудлыг 2019 онд Гамшгаас хамгаалах хуулийн дагуу байгуулагдсан манай дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл шийдвэрлэж өгч байна. Өсвөрийн аврагч тэмцээн нь гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хийж байгаа тус зөвлөлийн төлөвлөгөөт, томоохон ажил юм” гэлээ.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.