Нүүрсний гэх хэрэгт яллагдагчаар татагдсан 11 хүний эрүүгийн хэргийн шүүх хуралдааны үдээс хойших урьдчилсан хэлэлцүүлэг боллоо.
Өглөөний хэлэлцүүлэгт яллагдагчаар татагдсан Б.Ганхуяг Ерөнхий шүүгч Б.Халиунаас татгалзаж буй хүсэлтээ өгсөн. Ерөнхий шүүгч Б.Халиун Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүгчдийн зөвлөгөөнөөр Б.Ганхуягийн хүсэлтийг хэлэлцүүлэхээр болж, урьдчилсан хэлэлцүүлгийг түр завсарлуулсан.
Үдээс хойших урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр яллагдагчаар татагдсан Б.Ганхуяг хүсэлт гаргалаа.
Тэрээр “Би Чингэлтэй дүүргий нийт шүүгчдээс гурван үндэслэлээр татгалзаж байна. Үүнд:
- Нэгдүгээрт, АТГ-аас шүүгч барьцаалагдаагүй гэсэн бичиг ирсэн тохиолдолд би итгэнэ. Та надад ямар ч ял өгсөн би цааш нь хардах эрхтэйгээр явж болно. Би хилс хэрэгт хэлмэгдэхгүй. Надад зургаан үйлдэл бий. Энэ зургаа нь зүгээр л хүн танилцуулсан асуудал. Миний таницуулсан хүн бүрийн хүүхэд гэрчилгээ байвал над дээр биччих. Би ялыг нь үүрээд явъя.
Нөгөө талаас намайг болон энэ 11 хүн, Халиун таныг улс төрийн золиос болгож байна. Бид энд золиослогдоод, тэд тэнд засагтайгаа, тамгатайгаа, төртэйгөө үлдэж болохгүй.
Нүүрсний том том төслүүдийн цаад эзэд нь хаана байна. Энд Т.Аюурсайхан юу хийж байна вэ. Надтай хальт найзалсны төлөө энд ирээд сууж байгаа бол 76 гишүүнээ бүгдийг нь буулгаад аваад ир. Бөөндөө сууя энд.
Эдийн засгийн сайд Ч.Хүрэлбаатар бил үү, тэр нөхөр өнөөдөр БНСУ-д орд зарсныхаа хариуд явуулсан мөнгөө над дээр бичих үү. Бүгдийг нь бичээд аваад ир.
- Хоёрдугаарт, Нүүрсний мөнгөөр санхүүжиж байгаа хэвлэлүүд гадаа байна. Иргэний хөдөлгөөн, жагсаал яаж санхүүждэг, хэн санхүүжүүлж, яамдаас хэдэн төгрөг авдгийг би ярьмаар байна.
Би 2007 оноос хойш Тавантолгой ХХК-д ажиллаж байна. Надаас өөр нүүрс мэдэх хүн байхгүй. Надгүйгээр УИХ дээр нүүрсний хэргийг яриад байна.
Та наймдугаар сарын 8-нд байгаагүй гэдгээ өөрөө нотолсон. Дахиж битгий эчнээгээр хүний эрх зөрчөөрэй.
Жагсаалаар 68 хүн баригдсан. Одоо би ганцаараа байна. Намайг есөн сар баривчиллаа. Намайг гаргах юм бол маш олон хүний зүрх зогсох гээд байна. Гадаа гаргаж үг хэлүүлэхгүй байна. Ганц боломж нь энэ байна. Би үгээ хэлэх эрхтэй.
- Гуравдугаарт, Хэргийн хуваарь наймдугаар сарын 1-нд очсон гэсэн. Тэр хэргийн хуваарийн талаар та ярьсангүй.
Намайг ингээд хэлэхээр маргааш ар араасаа маш олон хэвлэлийн хурлууд болно. Хамгийн түрүүнд гарч ирсэн нь нүүрсний хулгайч шүү. Хамгийн их муулж байгаа хэвлэл хамгийн их мөнгө авсан байгаа.
УИХ, Засгийн газар, намууд тэр чигээрээ над руу дайрлаа. Бүх хар масс дайрлаа. Нэг хүн байтугай нэг улс ч дааж чадахааргүй гүтгэлэг, доромжлол, үзэн ядалт дунд есөн сарын турш чив чимээгүй байлаа. Яагаад намайг гаргахгүй байгаа юм. Жагсаал гэж оруулж ирээд, нэг ч үг асуугаагүй байж өнөөдөр дахиад баривчлах уу. Учир нь надаас айж байна.
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нийт шүүгчдээс татгалзаж байна.
Би нэг ч хилс хэрэг хүлээхгүй. Намайг хялбаршуулна гэж ярьсан. Тийм зүйл байхгүй. Би энэ компаниас, улсаас, уурхайчдаас нэг ч төгрөг хулгайлахгүй” гэлээ.
Дэлгэрэнгүйг дээрх бичлэгээс үзнэ үү.