Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга А.Дашням “Есдүгээр сарын 4-11-нийг хүртэлх хугацаанд нийслэлийн хэмжээнд объектын гал түймэр 20, аврах ажиллагааны дөрөв, нийт 24 удаагийн дуудлагаар ажилласан. Дээрх хугацаанд гал түймрээс 300 сая төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалж, утаажилтын бүсээс 39 иргэнийг гаргаж, аврах ажиллагаагаар дөрвөн иргэнийг аварч ажиллалаа.
Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд объектын гал түймрийн 1135, аврах ажиллагааны 398, нийт 1533 удаагийн удаагийн дуудлагатай байгаа нь өнгөрсөн оны дуудлагатай харьцуулахад тав орчим хувиар өссөн үзүүлэлт.
Туул, Хэрлэн, Тэрэлж голын эрэг дагуу давхардсан тоогоор 161 алба хаагч, 50 техник хэрэгсэлтэй үүрэг гүйцэтгэж, голын эрэг дагуу амарч зугаалж явсан 2306 иргэнд санамж сэрэмжлүүлэг өгч ажилласан” гэлээ.
ТЦА-ны Замын цагдаагийн газрын Нийслэлийн замын хөдөлгөөний хяналт, зохицуулалт хариуцсан дэд дарга Ч.Батболд “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 201 хяналтын цэгт давхардсан тоогоор 3401 алба хаагч үүрэг гүйцэтгэн, нийт 23 мянга гаруй зөрчил илрүүлсэн.
Энэ хугацаанд жолоодох эрхгүй 156 хүн автомашин жолоодсон бол 628 иргэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон. Хяналтын камераар 28 мянга гаруй зөрчил илрүүллээ. Эд материалын хохиролтой осол 10 хувиар өсөж, ослын улмаас гэмтсэн хүний тоо 38 хувиар буурсан.
Нийт дуудлага, мэдээлэл 5.6 хувиар өссөн байна” гэлээ.