УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал өнөөдөр болж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан “Энэ хэргийн тухай шүүх хурал хэт сунжирч, нийгэм хэт их төөрөгдөж, хэт их худал мэдээлэл явж байна. Үнэн, бодит мэдээллийг богино хугацаанд олон нийтэд мэдээлэх хэрэгтэй.
Мөн нүүрсний гэх хэргийг шалгахгүй олон сар боллоо. Удахгүй 10,11-р сард УИХ-д нүүрсний гэх хэргийн сонсгол болох юм шиг байна. Үүгээр нүүрсний гэх хэрэг яг юу болох, холбоо хамааралтай хүмүүс нь хэн болох, хуулийн байгууллагууд ямар үйл ажиллагаа явуулж байна, энэ хэрэг ямар шатанд байгааг аль болох хурдан хугацаанд тодруулж, холбогдох арга хэмжээ аваасай гэж хүсэж байна.
Хэт олон сар нүүрсний хэрэгт холбоотой мэтээр гүтгүүллээ. Мэдээж сайд, гишүүний албан тушаалаа өгсөн учраас шалгаад, асуудлыг нэг талд гаргана гэдэгт итгэлтэй байна. Надад нүүрсний гэх хэрэгтэй холбоотой ямар ч асуудал байхгүй.
11 хүнийг тус бүрд нь янз бүрийн үндэслэлээр шалгаж байна. Энэ бүх хүний үндэслэлийг нэгтгээд мэдээлэхэд бүгд миний холбогдсон хэрэг мэтээр тайлбарласан мэдээ явж байна. Урьдчилсан хэлэлцүүлэг тун удахгүй болох байх. 13:30 цагаас нэг шийдвэр танилцуулж, үргэлжлүүлнэ гэж байна. Хэрвээ үргэлжлүүлбэл нээлттэй явна. Үүнээс хараарай. Би боломжоороо нээлттэй байж, олон нийтэд үнэн зөв мэдээллийг хүргэхээр анхнаасаа шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлт тавьсаар байна. Цаашдаа ч энэ байр суурь дээрээ хатуу зогсоно.
Намайг хоёр хэрэгт холбогдуулан шалгаж байна.
- Нэгдүгээрт, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан. Бусдыг элсүүлсэн. Энэ нь хүний санаанд оромгүй, төсөөлөмгүй зүйл. Шинэчлэлийн хороо гэж байгуулан, 2017 он хүртэл улс төрийн нам шинэчлэх, өөрчлөх үйл ажиллагааг нь хангах, улс төрийн нам дотор бугшсан асуудлуудын эсрэг тэмцэж, жагсаж, цуглаж байсан.
Үндсэн хуулиар хүн эвлэлдэн нэгдэх эрхтэй. Эвлэлдэн нэгдсэний төлөө хэнийг ч мөрдөж, мөшгөхийг хориглоно гээд Үндсэн хуульд тунхагласан. Тиймээс энэ зүйл заалт нь маш аймшигтайгаар хилсээр, хэлмэгдүүлж, хүнийг доромжилж, харлуулж, олон сар явж байгаа нь нэг ёсны эрүү шүүлт гэж үзэж байна. Үүнийг шударгаар шийдвэрлэгдэнэ гэж үзсэний үндсэнд өнөөдрийг хүртэл хуулийн байгууллагад хүлээсэн үүргээ ухамсарлаж Монгол улсын иргэний ёсоор шалгуулж байна.
- Хоёрдугаарт, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж байна. Аль алинд нь би өмнө нь тайлбар хэлсэн. Үндэслэлгүй хөрөнгөжсөн гэдэг асуудлыг би анхнаасаа хэлж байсан.
Нийтийн албан тушаалтан. Тэр тусмаа УИХ-ын гишүүн жаахан ч гэсэн эргэлзээ байвал шууд шалгуулах хэрэгтэй. Би бусад гишүүдээ ч шалгуулъя гэж уриалж байсан. Тиймээс энэ асуудлыг шүүхээр шалгах ёстой гэж үзвэл надад татгалзаж, эсэргүүцэх зүйл байхгүй. Энэ асуудалд хуулийн байгууллагын ажилтнуудад хүндэтгэлтэй хандана.
Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү.