Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт үндэстэн дамнасан OB шар айрагны компани, Ногоон Ази ТББ-ын хамтын ажиллагааны хүрээнд ойжуулсан байна. Ингэхдээ улиас, хайлаас, нарс зэрэг 46 мянга гаруй мод тарьж, ойжуулжээ. Энэ нь цөлжилт, газрын доройтол, агаарын бохирдол зэрэг байгаль орчны асуудлуудыг шийдвэрлэхээс гадна орон нутгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, тогтмол орлоготой болгох зэрэг чухал ач холбогдолтой юм.
Үндэстэн дамнасан “ОB шар айраг” (Oriental Brewery Co.,Ltd) компани, Ногоон Ази сүлжээ ТББ-ын түншлэлийн хүрээнд 2010 оноос тус ойжуулалтын талбайд байгуулагдсан “Cass найдварын төгөл”-д өчигдөр тус байгууллагуудын удирдлага, орон нутгийн талбайн ажилтнууд, иргэд хамтарч мод тарьж, сайн дурын ажилд оролцлоо.
“Cass найдварын төгөл” төсөл нь цөлжилт, газрын доройтол, шар шороон шуурга, нарийн ширхэгт тоосонцор зэрэг Зүүн Азид тулгамдаж буй байгаль орчны асуудалтай тэмцэх, иргэдийн бие даасан тогтвортой арчилгаа, хамгааллын загварыг хөгжүүлэн, түгээн дэлгэрүүлэх зорилгоор хэрэгжиж байна.
Энэхүү арга хэмжээнд ОB шар айраг компанийн Хууль зүйн бодлогын албаны Дэд захирал Кү Жа Бом, Ази дахь Төв салбар(Budweiser APAC)-ын Хууль зүйн бодлогын албаны Дэд захирал Крейг Катерберг, Нийгмийн хариуцлагын асуудал хариуцсан хэлтсийн захирал Вон Жэ Өнь, менежер Сунг Ха Сөр А, Ногоон Ази сүлжээ ТББ-ын Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Шин Ги Ху, Төв салбарын газрын дарга И Жэ Вон, ойжуулалтын талбайн ахлагч Д.Нямсүрэн болон орон нутгийн иргэд нийт 40 хүн оролцлоо.
Энэ үеэр Oriental Brewery Co.,Ltd -ийн дэд захирал Крейг Катерберг "Бид 2010 оноос хойш 13 жилийн турш энэ үйл ажиллагаагаа явуулж байна. Цөлжилт, газрын доройтол зэрэг уур амьсгалын өөрчлөлтийн асуудал нь ганцхан улсад байгаа бус дэлхий нийтийн асуудал болж байна. Тиймээс бид үүний эсрэг арга хэмжээ авч, хамтарч ажиллан 13 жил болсон байна.
13 жилийн өмнөх болон өнөөдрийн нөхцөл байдал өдөр, шөнө шиг ялгаатай байна. Анх энд ямар ч ургамалгүй, хаа сайгүй элс байсан. Харин өнөөдөр ингээд харахад ойжсон, өвс, ургамал, жимсний мод хүртэл ургасан байгааг харахад үнэхээр гоё байна. Жимсний мод нь үрээ өгч, түүгээр нь хийсэн шүүсийг уулаа. Маш амттай, эрүүл гоё байна.
Манай компани бол шар айраг үйлдвэрлэгч томоохон компани. Шар айрагны ихэнх хувийг ус эзэлдэг учраас бид ундны цэвэр усанд маш их анхаардаг. Тэр ч утгаараа байгаль орчинд чиглэсэн нийгмийн хариуцлагын ажлуудыг үргэлж дэмжин ажилладаг. Цаашдаа ч өөр газруудад тулгамдаж буй асуудлуудыг судалж, хэрэгтэй, шаардлагатай зүйлсээр нь туслах болно" гэсэн юм.
Мөн “Эрдэнэ жимс” нөхөрлөлийн дарга Д.Нямсүрэн "Манай талбай 2010 онд эхэлсэн. Би энэ талбайд 13 дахь жилдээ ажиллаж байна. OB шар айраг компанийн хамт олон бидэнд маш их хөрөнгө оруулж, их мод тарьсан. Өнөөдөр тус байгууллагын удирдлагууд ирж мод тарих үйл ажиллагаа болж байна.
2010-2020 онд Ногоон Ази ТББ буюу Сувон хотын хөрөнгө оруулалтаар анх байгуулсан. 10 жилийн үйл ажиллагаа явуулаад, төсөл нь 2020 онд дууссан. 2020 оноос хойш “Эрдэнэ жимс” нөхөрлөл байгуулж, үргэлжлүүлэн ажиллаж байна. Ногоон Ази ТББ-аас зарим ажилтнуудыг цалинжуулна. Тог цахилгааны төлбөр зэрэг бусад туслалцаа үзүүлдэг. Өмнө нь энд дүүрэн элсний кареертай, мод байхгүй, цул элсэн талбай байсан. Энд мод тарьж, ойжуулж байна. Энэ нь Монголын уур амьсгалд нөлөөлөх, цөлжилтийг арилгахад нэмэр болох зорилготой. Сүүлийн үед бид мод үржүүлэг маш их хийж байна. Энэ нь Тэрбум мод хөтөлбөрт хамтран оролцох зорилготой" гэлээ.
Тус арга хэмжээнд оролцсон ОB шар айраг компанийн Хууль зүй, бодлогын албаны Дэд захирал Кү Жа Бом, Ази дахь Төв салбар(Budweiser APAC)-ын Хууль зүйн бодлогын албаны Дэд захирал Крейг Катерберг, бусад холбогдох албаны хүмүүс ойжуулалтын талбайн иргэдтэй уулзан, “Cass найдварын төгөл”-ийн өнөөгийн болоод цаашдын үйл ажиллагаа, харилцаа хамтын ажиллагааны талаар саналаа солилцож, иргэдийн тариалж, хураасан чацарганы жимс, жимсний шүүс, чанамал зэрэг бүтээгдэхүүний амталгаа хийж, танилцлаа.
Кү Жа Бом дэд захирал хэлэхдээ, “Манай компани 14 жилийн турш Монголд мод тарьж, Зүүн Хойд Азийн цөлжилт, газрын доройтол, шар шороон шуургыг бууруулахад бага ч болов хувь нэмэр оруулахын төлөө хичээж байна. Шар айраг үйлдвэрлэлээрээ манлайлагч аж ахуйн нэгжийн хувьд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд идэвх зүтгэл гарган ажиллах болно” гэв.
“Cass” нэрээр олонд танигдсан ОB шар айраг(Oriental Brewery Co.,Ltd) компани 1933 онд байгуулагдсан бөгөөд дэлхийн уур амьсгалын хямралын эсрэг идэвхтэй үйл ажиллагаа явуулж ирсэн дэлхийн томоохон компаниудын нэг юм.