Ипотекийн зээлийг хэвийн үргэлжлүүлэхийн тулд Үндэсний орон сууцны корпорац байгуулахаар болсон талаар Монголбанкнаас мэдээллээ. Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Өнөөдрийн байдлаар ипотекийн зээл удаашралтай байгаа. Учир нь тусгай бүтэц бий болж байж, зээл хэвийн олгох боломж бүрдэнэ. Уг нь анх Төрийн орон сууцны корпорац руу ипотекийн зээлийг шилжүүлэхээр ярьж байсан. Гэтэл тэднийх Хөгжлийн банкинд их хэмжээний өр төлбөртэй юм билээ. Тиймээс Үндэсний орон сууцны корпораци нэртэй цоо шинэ бүтцийг бий болгохоор ярьж байна. Үүнтэй холбоотой хууль гаргая гээд ажлын хэсэг ажиллаад явж байна.
Засгийн газарт ипотекийг зээл олгох тогтолцоог шилжүүлэх хооронд зээл зогслоо. Маш их асуудал үүслээ. Тиймээс зээлийг шилжүүлтэл ямар нэг байдлаар санхүүжилтийг таслахгүй байх ёстой гэсэн чиглэлийг төв банкнаас барьж байна. Банкуудтай уулзсан. Зээл гаргана гэсэн чиглэлтэй байна. Хамгийн сүүлд хийсэн судалгаагаар, банкууд 45 тэрбум төгрөгийн зээл гаргая гэсэн шийдвэр гаргасан ч санхүүжилтгүйн улмаас зогсчихсон байна. Тиймээс эргэн төлөлтийн мөнгийг Монголбанк авалгүйгээр, тэр мөнгөөр шууд санхүүжүүлээд явъя гэсэн шийдвэрийг гаргасан. Одоо банкууд зээлээ хэвийн гаргаад явж байна” гэлээ.