Өрөг.мн сайтын сурвалжлах баг Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг Ялбагийн хөндийг зорьж, энэхүү сурвалжилгыг бэлтгэн хүргэж байна. Хариуцлагагүй уул уурхайн уршгаар ухсан нүх, овоолсон шороо болсон байсан 398.7 га газрыг “Оюутолгой” ХХК-ийн зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд техникийн нөхөн сэргээлт хийж, сум, орон нутгийн удирдлагуудад хүлээлгэн өглөө.
Нөхөн сэргээлт эхлэхээс өмнө ойр орчмын малчин иргэдэд хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн байжээ. Малаа сайн харахгүй л бол гүнзгий ухсан нүхэнд унаж, шаварт орох эрсдэл тун өндөр байсныг малчид хэлж байлаа.
НӨХӨН СЭРГЭЭСНЭЭР БЭЛЧЭЭР УУЖИМ, НҮД ТЭЛМҮҮ ХАРАГДАЖ БАЙНА
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын иргэн н.Ванчинсүрэн
“Бичил уурхай их үед малчид бидэнд бэрхшээлтэй зүйл олон байлаа. Нуур цөөрөм тогтсон, шавар ус гарсан, ганц нэг үхэр уначих гээд л. Нүд салгалгүй харахгүй бол хэдэн малаа алдчих гээд л. Ийм л нөхцөл бүрдсэн байсан.
Нөхөн сэргээснээс хойш бэлчээр уужим, нүд тэлмүү харагдаж байна. Сайхан л боллоо. Хадлангийн бэлчээр ч багатай байсан. Одоо ч хоёр жилийн дараа хаанаас ч хадлан авахаар боллоо. Малчид бид маш их баяртай байна” гэлээ.
ОЙН САН, УСАН САН, БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БҮХИЙ ЧУХАЛ ГАЗАР УЧРААС НӨХӨН СЭРГЭЭЛТ ЯАРАЛТАЙ ХИЙСЭН
Сэлэнгэ аймагт хууль бус бичил уул уурхайн уршгаар эдвэрсэн, нөхөн сэргээх шаардлагатай олон газар бий. Эдгээрээс Ялбагийн хөндийг яагаад эхэлж нөхөн сэргээх шаардлагатай талаар БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчны бодлого зохицуулалтын газрын дарга Д.Буяннэмэхээс тодрууллаа.
Тэрээр “Ерөө сумын Ялбагийн хөндийг яагаад сонгосон бэ гэвэл энэ газарт бичил уурхай нэрийн дор хууль бусаар ашигт малтмал олборлож, ойн сан, усан сан бүхий биологийн олон янз бүхий энэ газар нутгийг үнэхээр их сүйтгэсэн байсан.
МАЛ БЭЛЧИХ ГАЗАРГҮЙ, ХҮН, АМЬТАН ХӨЛ АЛДАЖ АМЬ НАСАА АЛДАХ ЭРСДЭЛ ҮҮССЭН БАЙСАН
Анх нөхөн сэргээлтийн ажил эхлэхээс өмнө бид экологи, эдийн засгийн хохирол тооцох, техник, тоног төхөөрөмж хурааж, хууль бусаар үйл ажиллагаа явуулж байсан иргэдийн үйл ажиллагааг таслан сэргийлэх арга хэмжээг авч, хэрэгжүүлсэн. Энэ үеийн нөхцөл байдал нь энэ хөндий тэр чигээрээ овоолсон шороо, ухсан нүх, хазгайхан гишгээд хөл алдвал унаад үхэхүйц гүн шүрүүп нүхнүүдтэй, голын гольдролууд нь олон салаа урссан, эмх замбараагүй. Голын гольдролуудыг эвдэж, дур мэдэн урсгасан, олон цөөрөм үүссэн зэрэг ийм нөхцөл байдалтай байсан. Мал бэлчих газаргүй. Мал битгий хэл хүн шөнө оройн цагаар морь, мотоциклтой явахад осолдох, амь насаа алдах эрсдэл бүхий болсон байсан.
Ялбагийн хөндийд эвдэрсэн газар, ойн сан, усан сан, биологийн төрөл зүйлд учирсан экологи, эдийн засгийн хохирлыг мэргэжлийн байгууллагаар тогтоолгох ажлыг 2021 оны есдүгээр сард зохион байгуулж, шинжлэх ухааны үндэслэлтэй тооцоо судалгаа хийж, ус, хөрснөөс нь дээж авч, экологи, эдийн засагт учирсан хохирлыг тооцуулсан. Зөвхөн энэ хөндий буюу 233 га талбайн экологи, эдийн засгийн хохирол 8.5 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Эргээд 233 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийхэд 845 сая төгрөгийн хэрэгцээ байна гэсэн тооцоо судалгааг мэргэжлийн байгууллага гаргаж өгсөн.
Бид нэгдүгээрт нөхцөл байдалтайгаа танилцаж, хууль зөрчиж байсан үйл ажиллагаануудыг таслан зогсоож, хууль бус үйл ажиллагаа явуулж байсан техник хэрэгслүүдийг хурааж, цэгцлээд, дараа нь энэ орчинд учирсан экологи, эдийн засгийн хохирлыг тооцуулсан. Үүний үндсэн дээр нөхөн сэргээх ажил руугаа орсон. Ингэхдээ “Оюутолгой” ХХК-д хэд хэдэн удаа санал тавьсны үндсэн зөвшөөрч, 2022 онд ажлаа эхлүүлсэн” гэсэн юм.
“ОЮУТОЛГОЙ” ХХК НӨХӨН СЭРГЭЭСЭН ГАЗРАА ОЙЖУУЛАХААР ТӨЛӨВЛӨСӨН
“Оюутолгой” ХХК-ийн тогтвортой хөгжлийн төслийн удирдагч Б.Ууганбаяр
“Энэ талбайг “Оюутолгой” ХХК-г нөхөн сэргээж өгөөч гэсэн саналыг БОАЖЯ-аас удаа дараа тавьсан. “Оюутолгой” ХХК-ийн зүгээс эхэндээ “Энэ талбайг “Оюутолгой” ХХК ийм болгоогүй учраас хариуцлага байхгүй” гэдэг хариулт өгч байсан. Гэхдээ сүүлд нь энэ талбайг “Оюутолгой” ХХК-ийн 100 сая мод тарих хөтөлбөрийн хүрээнд хамруулан, бид нэг орон, нэг нутаг учир Монгол орныхоо өөр газарт ч нөхөн сэргээлт хийе гэж энэ талбайд нөхөн сэргээлт хийхээр хүлээн зөвшөөрч, амлалт аваад эхлүүлсэн.
2022 онд нээлттэй тендер зарлаж, нөхөн сэргээх компаниудыг сонгон шалгаруулсан. Энд орон нутгийн “Бугант нандин” ХХК, “Үзэгт дэлгэр” ХХК гээд хоёр компани шалгарч, нөхөн сэргээлтийн ажил хийсэн. Нийт 398 га талбайд нөхөн сэргээлт хийсэн байна.
Цаашдаа “Оюутолгой” ХХК-ийг зүгээс техникийн нөхөн сэргээлт хийхээс гадна ойжуулах төлөвлөгөөг ерөнхий төлөвлөгөөндөө оруулсан” гэв.
ХАМГИЙН ХҮНДРЭЛТЭЙ НЬ 12-15 МЕТР ӨНДӨР ЭРЭГ ҮҮССЭН БАЙСАН
Гүйцэтгэгч “Бугант нандин” ХХК-ийн ахлах мэргэжилтэн н.Энхтайван
“Манай компани 52 хүний бүрэлдэхүүнтэй, таван төрлийн 12 машин, механизмын бүрэлдэхүүнтэйгээр өнөөдрийн байдлаар 208.5 га газар техникийн нөхөн сэргээлтийг амжилттай гүйцэтгэлээ.
Тусгай зөвшөөрөлтэй талбайн аж ахуйн нэгжүүд шимт хөрсөө тусгай журмын дагуу хадгалж, овоолсон, системтэйгээр нөхөн үйл ажиллагаа явуулсан газар техникийн нөхөн сэргээлт хийхэд харьцангуй амар байдаг. Энд бүх хүн дуртай газраа ухаад, ус үүсгэсэн, ухмал, маш их эвдрэлтэй байсан учраас нэлээн хүнд байлаа. Лаг, шавар ихтэй, хаана, юу байгаа нь мэдэгдэхгүй, техник, машин механизм суухаас эхлээд хүндрэлтэй зүйлс гарч ирж байсан. Хамгийн өндөр хэсэг гэвэл 12-15 метр өндөр эрэг үүсгэсэн байсан.
Манай компанийн хувьд “Оюутолгой” ХХК-тай хийсэн гэрээний дагуу оноогдсон талбайгаа буюу 208.5 га талбай, уулын цулаар 1,233,591 мкв газар, шорооны ажил хийж, амжилттай хүлээлгэн өглөө” гэсэн юм.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.