БНАСАУ, ОХУ нарын хооронд зэвсгийн яриа хэлэлцээр болж байж магадгүй гэсэн мэдээлэл гарсны дараа Цагаан ордноос БНАСАУ-д “дахин” анхаарууллаа.
Тодруулбал, БНАСАУ ОХУ-д зэвсэг нийлүүлсэн тохиолдолд “хариуцлагаа хүлээнэ” гэж хэлсэн юм. АНУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жэйк Салливан “БНАСАУ болон ОХУ-ын хоорон дахь зэвсгийн яриа хэлэлцээ эрчимжиж байгаад АНУ итгэлтэй байна” хэмээн мэдэгдсэн. Тэрбээр “Өвөл ойртож байгаа энэ цаг үед тусгаар тогтносон улсын томоохон хотуудын дулааны дэд бүтцийг онилход зориулагдсан зэвсэг нийлүүлж байгааг тэвчиж болохгүй. Энэ нь олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө БНАСАУ хариуцлагаа давхар үүрэхэд хүргэнэ” гэж сэтгүүлчдэд өгсөн яриандаа дурдсан байна.
Түүнчлэн АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаанаас БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун ОХУ-д энэ сард айлчилж, В.Путинтэй уулзах гэж байгаа талаар энэ долоо хоногийн эхээр мэдээлсэн юм. Харин Кремдийн зүгээс дээрх мэдээллүүдэд тодруулга өгөхөөс татгалзсан байна.
SOURCE: AL JAZEERA