БНСУ-ын боловсролын сайд Ли Жү Хо тус улсад багш нар амиа хорлосонд эмгэнэл илэрхийлэхээр орон даяар болсон жагсаалд оролцохын тулд ажлаасаа чөлөө авсан сургуулийн багш нарт ямар ч сахилгын шийтгэл ногдуулахгүй гэж мэдэгдэв.
Тэрбээр “Солонгосын багш нарын холбоо” тэргүүтэй хоёр том багш нарын холбооны дарга нартай уулзахдаа уг шийдвэрээ хэлж, жагсаалд оролцогчдыг шийтгэнэ гэж урьд нь анхааруулж байснаа өөрчилжээ. Даваа гарагт нийслэл Сөүл болон орон даяар 120,000 орчим багш нар том хэмжээний жагсаал цуглаан зохион байгуулж, эцэг эх болон ёс суртахуунгүй сурагчдаас болж мэргэжил нэгтнүүд нь амиа хорлосон явдалд эмгэнэл илэрхийлж, ийм эмгэнэлт явдлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг уриалсан юм.
Энэхүү жагсаалд оролцохын тулд олон багш ажлаасаа нэг өдрийн чөлөө авах шаардлагатай болсон. Улмаар улсын хэмжээнд олон тооны сургууль даваа гарагийг амралтын өдөр болгон зарласан. Харин жагсаалд нэгдэхийн тулд ажлаасаа чөлөө авсан багш нарыг ажлаас халахтай адил хатуу шийтгэл ногдуулна гэж Боловсролын яамнаас анхааруулж байсан юм.
Одоогийн хэрэгжиж буй хөдөлмөрийн хуулиар багш нар хамтын ажиллагаа явуулах эрхгүй бөгөөд багш нар ингэж олноороо чөлөө авах нь ажлаа орхиж явсантай адил зүйл гэдгийг салбарын яамнаас нь хатуу анхааруулсан билээ.
Харин мягмар гарагт болсон уулзалтын үеэр боловсролын сайд "Гашуудлын ажиллагаанд оролцсон багш нарт шийтгэл ногдуулахгүй" байхаар шийдсэнийг хэвлэлүүд сайшааж байна.
Эх сурвалж: YONHAP