Ромын пап Францисын өчигдөр олон нийтэд хандсан айлдсан айлдварыг хүргэж байна.
Эрхэм ах, эгч дүү Та бүхэнд энэ өглөөний мэндийг өргөн дэвшүүлье!
Даваа гарагт би Монгол Улсаас ирлээ. Айлчлалд минь сүсэглэн залбирч, дагалдан явсан хүмүүст талархал илэрхийлэхийн ялдамд, намайг хүндэтгэлтэйгээр, халуун дотно угтан авсан Монгол Улсын төр засаг, нэн ялангуяа Монгол Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён У.Хүрэлсүх, мөн тус улсад айлчлах албан ёсны урилгыг гардуулсан Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр нарт талархаж буйгаа дахин илэрхийлье. Тус улс дахь [Католик] Сүм болон надад халуун дулаан, хайр энэрлийг мэдрүүлсэн Монголын эрхэмсэг, мэргэн ард түмнийг баяртайгаар эргэн дурсахад таатай байна. Энэхүү айлчлалын амин сүнс болсон нандин бүхнээс өнөөдөр хуваалцахыг минь болгоно уу.
Зарим нэгэн Ромын Пап яагаад сүсэгтэн цөөн Монгол Улсад зочлохоор ийм хол газар айлчилсан юм бол гэж асууж магадгүй юм. Учир нь гэвэл Зөнч Самуелын хэсэг [cf. 1 Sam 16:7]-т хэлсэнчлэн гадаад байдлыг бус, харин зүрх сэтгэлийг нь хардаг Ертөнцийн Эзний оршихуйн шинж тэмдгүүдийг хүн бүрийн анхаарлын төвд байдаггүй газраас бид ихэвчлэн олдог юм. Эзэн өөрийг нь индэрт өргөмжлөх нэгнийг хүсдэггүй, харин өөрийгөө бусдаас дээгүүрт тавих хүсэл эрмэлзэл, бардамнал үгүй, Түүнийг хүсэж, Түүнийг хайрладаг энгийн зүрх сэтгэлийг эрэлхийлдэг. Миний бие Монголд байхдаа Эзний зүрх сэтгэлд байдаг даруухан, баяр баясгалантай Сүмийнхэнтэй уулзсан бөгөөд тэд ч бас өөрсдийгөө [Католик] Сүмийн анхаарлын төвд хэд хоног байсандаа их баяр жаргалтай байсныг би гэрчилнэ.
Энэ Сүмийнхэн сэтгэл хөдлөм түүхтэй юм. Тэд Бурхны ивээлээр, Сайн мэдээг өвөрлөн, өөрсдийн сайн таньж мэдэхгүй тэр нэгэн улсад гуч орчим жилийн өмнө очсон манай цөөхөн номлогчдын хичээл зүтгэлийн үр шимд бий болсон. Тэд сурахад амаргүй хэлийг нь сурч, өөр өөр үндэстний гаралтай байсныг үл харгалзан нэгдмэл, жинхэнэ Католикийн нийгэмлэгт амьдрал бэлэглэж чадсан. Энэ бол “католик” гэдэг үгийн буюу “бүх нийтийн” гэсэн үгийн утга учир билээ. Гэхдээ энэ нь нэгэн ижил хэлбэрт оруулах бус, харин янз бүрийн соёлыг нэгтгэн нийтлэг болгох гэсэн утга агуулдаг. Сайн сайхан бүхнийг хаана ч байгаа газарт нь шингээж, хамтран амьдарч буй хүмүүст үйлчлэх соёл, бүх нийтэд хандсан хандлага нь католик ёс юм. Есүсийн хайрыг даруу төлөв байдлаар гэрчилж, амьдралыг ярианаас илүүд үзэж, Их Эзэн болон ах дүү нартаа үйлчлэх нь жинхэнэ баялаг гэдэгт баярлаж амьдрах нь [Католик] Сүмийн амьдралын замнал юм.
Ариун итгэлийн хамгийн сайн илрэл болох бусдад өгөхүйн мөн чанараас энэ залуу Сүм төрсөн юм. Айлчлалынхаа төгсгөлд миний бие [Монгол дахь] Сүмийн хамтын илэрхийлэл болгон Монголд анх удаа байгуулагдаж буй буяны үйлсийн “Нигүүслийн өргөө”-г нээж адисласандаа баяртай байна. Уг өргөө нь Христэд итгэгчдийн нэрийн хуудас болж, манай бүх Сүм нэгдэл зовж зүдэрсэн хэн ч бай гэрлэтүүлж эдгээдэг Бурхны нигүүлслийг эрж, зорин ирэхэд нээлттэй, урин дулаан өргөө болохын уриалал юм. Үүнийг Монгол дахь Сүм гэрчлэх бөгөөд олон орны номлогчид Монголын ард түмэнтэй нэгдэж, тэдэнд үйлчилж, тэнд байгаа гоо үзэсгэлэнг олж мэдсэндээ баяртай байна. Эдгээр номлогчид сүсэглэгчдийг өөртөө татаж элсүүлэхээр очоогүй, тэд тэнд Монголын ард түмэн шиг амьдарч, тэдний хэлээр ярьж, тэр ард түмний үнэт зүйлийг өөртөө шингээж, Сайн мэдээг монгол соёлд нийцүүлж, монгол үгээр номлох гэж явсан. Тэд тэнд очиж, Сайн мэдээг тунхаглахын тулд соёлд нь шингэж, Монголын соёлыг өөртөө авсан.
Би энэхүү гоо үзэсгэлэнг мөн зарим хүмүүстэй уулзаж, тэдний түүхийг сонсож, шашин итгэлийн эрэл хайгуулд нь талархаж олж мэдсэн. Үүнтэй холбогдуулан өнгөрсөн Ням гарагт болсон шашин хоорондын болон Христийн шашны цуглаанд талархаж байна. Монгол бол Буддын шашны агуу уламжлалтай бөгөөд бусдад өглөгч сэтгэл болоод өөрийн хүсэл тэмүүллийг хянаж чадсанаар олон хүн шашныг чин сэтгэлээсээ, үнэнч, төлөв даруу байдлаар шүтдэг. Ер нь бид мод унах чимээг л сонсдог байтал дэлхий ертөнцийн цэцэрлэгт хэчнээн их сайн сайхны далд үр цэцэглэж байгааг төсөөлөөд үз дээ! “Чих дүлийрмээр! Мод унаж ямар их чимээ гаргасныг хардаа!” гэж хүмүүс дуулиан шуугианд гаргах дуртай байдаг. “Гэхдээ Та нар өдөр бүр урган торниж буй ойг харахгүй байна уу?” Яагаад гэвэл ургалт өсөлт чимээгүй байдаг. Сайныг ялгаж, таньж мэдэх нь шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг. Гэхдээ ихэнх тохиолдолд бид бусдыг бидний санаа бодолтой нийцэж байгаа хэмжээнд л үнэлдэг; бид үүнийг сайн ойлгох ёстой. Тийм учраас харцаа дээш, сайн сайхны гэрэл рүү чиглүүлэх нь чухал юм. Зөвхөн ийм байдлаар л сайныг хүлээн зөвшөөрөхөөс эхлээд бид нийтлэг ирээдүйг бүтээж, бусдыг үнэлж байж л бид тэднийг сайжруулахад нь тусалж чадна.
Би Азийн зүрхэнд очсон бөгөөд энэ нь надад сайн хэрэг болсон. Тэр өргөн уудам тивтэй харилцаж, өгч буй санааг ойлгож, мэргэн ухаан, аливааг харах өнцгийг ухамсарлаж, цаг хугацаа, орон зайд наалдан мэдрэх нь сайхан хэрэг байлаа. Үндэс язгуур, ёс заншлаа дээдэлдэг, ахмад настнуудаа дээдлэн, байгаль дэлхийтэйгээ зохицон аж төрдөг Монгол түмэнтэй уулзах надад нэн таатай сайхан байлаа. Тэд бол тэнгрийг харж, орчлон ертөнцийн амьсгалыг мэдэрдэг ард түмэн юм. Монгол орны хязгааргүй, аниргүй өргөн уудам нутгийг бодож харааныхаа хязгаарыг тэлэх шаардлагатайг бид бүгд ойлгоцгоё. Алсын хараагаа тэлж, дээгүүр, доогуур харагтун, өчүүхэн зүйлд бүү баригдаарай гэж гуйж байна. Бусдын сайн сайхныг олж харж, бүр илүүг харах чадвартай байхын тулд үзэх харах хязгаарыг өргөжүүлцгээе! Мөн хүн болгон, соёл иргэншил бүртэй ойр байхын тулд бид бидний зүрх сэтгэлийг өсгөж, хөгжүүлэхийн тулд бүгд мөн зүрх сэтгэлээ нээцгээе!
Та бүхэнд баярлалаа.