Онцгой байдлын байгууллагаас хичээлийн жил эхлэхтэй холбогдуулан боловсролын байгууллагын барилга байгууламжид гамшгаас хамгаалах, галын аюулаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийжээ. Хяналт, шалгалтад улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа их дээд, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн барилга байгууламжуудыг хамруулав.
Нийт 1170 барилга байгууламжийг шалгаж, 4850 зөрчил илрүүлжээ. Нийт зөрчлийн 16.8 хувийг газар дээр нь арилгуулж, бусдыг нь арилгуулахаар Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага 611, мэдэгдэл 503, танилцуулга 14-ийг боловсруулжээ. Эдгээрийг тухайн байгууллагын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хүргүүлсэн байна.
Галын аюулгүй байдлын тухай хууль, стандарт, дүрэм зөрчсөн таван хуулийн этгээдийн зөрчлийг Зөрчлийн тухай хуулийн дагуу хялбаршуулсан журмаар шийдвэрлэжээ. 2.3 сая төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулсан байна. Зөрчлийг арилгуулах зорилгоор хүргүүлсэн албан шаардлага, мэдэгдлийн биелэлтийг хангуулах гүйцэтгэлийн хяналт, шалгалтыг арваннэгдүгээр сарын 13-30-нд хийнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.