"Хорийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалт энэ сарын 9-нөөс 10-ны хооронд Энэтхэгийн Шинэ Дели хотноо болно. Харин БНХАУ-ын гадаад хэргийн яам энэ удаагийн уулзалтад тус улсын ерөнхийлөгч Ши Жиньпин бус, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян оролцоно гэв.
Түүний ирэхгүй болсон шалтгааныг асуухад Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Нинг хариу өгөөгүй байна. Харин тэрбээр “Хорийн бүлгийн уулзалт нь олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаанд өндөр үүрэг бүхий уулзалт бөгөөд Хятад улс үргэлж ач холбогдол өгч, тодорхой үйл ажиллагаанд идэвхтэй оролцсоор ирсэн” гэсэн тойруу хариу өгчээ. Жил бүрийн уулзалтад оролцдог Ши Жиньпин ирэхээ больсон нь хэд хэдэн шалтгаантай байж болох талаар хэвлэлүүд мэдээлж байна.
Тухайлбал, энэ жилийн “Хорийн бүлэг”-ийн уулзалтыг даргалж буй орон болох Энэтхэг улстай Хятад улс хилийн маргаантай байгаа. Мөн Энэтхэг АНУ-тай харилцаагаа бэхжүүлж байгаа нь Хятадад таалагдаагүй байж болох юм. Дэлхийн хамгийн хүчирхэг гэж болохуйц удирдагчдын уулзалтыг зохион байгуулах гэж буй Энэтхэгийн хувьд энэ нь тийм ч таатай бус, өөрийг нь үл тоомсорлосон хэрэг болж буйг зарим шинжээч дүгнэж байна. Ковид-19 цар тахлын үед буюу 2020, 2021 онуудад ч Ши Жиньпин тус дээд хэмжээний уулзалтад цахимаар оролцдог байсан юм. Брайн Харт гэх Хятад судлаач түүний ирэхгүй байх шалтгааныг “Ши Жиньпин дотоод асуудлуудаа зохицуулах гэсэн байж магадгүй. Эсвэл Байден, Моди зэрэг удирдагчидтай уулзах цаг нь тохиромжтой биш ч гэж бодсон байж магадгүй” гэсэн байна.
Түүнчлэн энэ удаагийн уулзалтаар Ши Жиньпин, Жо Байден нарыг уулзана гэсэн хүлээлт хэвлэлийнхний дунд үүсээд байсан юм. Гэвч энэ мэдээ гарсны дараа АНУ-ын ерөнхийлөгч “Бага зэрэг урам хугарч байна. Гэхдээ түүнтэй уулзах арга олно оо” гэсэн байна. Тэд хамгийн сүүлд өнгөрсөн оны 11-р сард Балид болсон Хорийн бүлгийн уулзалт дээр 3 цаг гаруй уулзсан байдаг.
SOURCE: CNN