Дэнжийн 1000-ын гэр хороолол дунд хогийн цэг байсан газрыг цэвэрлэж, тохижуулснаас 11 жил өнгөрчээ. Энэ бүтээн байгуулалтаараа ашиг олохоос илүүтэйгээр нийгмийн сайн сайхны төлөө зориулан, улам гоё болгож буй иргэн С.Өлзийтогтохтой ярилцлаа. Тэр энэхүү газраа “Уулын нуур” гэж нэрлэн, хиймэл нуур, тоглолт хийх тайз, гэр музей, номын сан байгуулжээ. Энэ намартаа багтаад нэг кофе шоп нээх зорилготойгоо ч бидэнд хуваалцлаа.
Тэрээр “Би энэ газартай 11 жил л ноцолдож байна. Энэ газар анх чулууны кареер байсан. Энд байсан чулууг Д.Сүхбаатарын талбайг засах, замууд барихад ашиглаж, үлдсэн хонхорт нь хог дүүрсэн байсан. Үүнийг нь нөхөн сэргээгээд, мод, ургамал тариад, нуурыг нь сэргээгээд явж байна. Цаашид хөгжүүлэх зүйлс ч зөндөө байна. Энд нь нэг ийм юм хийе, энд нь нэг мод тарья гээд ургуулан бодож л тохижуулдаг.
Манай нийгэм жаахан хэцүү, хэл ам ихтэй байна. Гэхдээ хүмүүс энд ирээд, уур уцааргүй, гэр бүлээрээ сэтгэл тайван тоглож, наадаад, хөгшчүүлтэйгээ байж байгаад явдаг. Залуу хосууд бас их ирдэг. Энэ нь надад их сайхан санагддаг.
Манай гэр хороололд ногоон байгууламж, хүүхэд тоглох орчин байхгүй.
Би 2005 онд Солонгос явсан. Явахдаа амь тэмцсэн, Монголоос зугтаасан байдалтай явсан. Тэр үед ч одоогийнх шиг хар бараан мэдээлэл маш их явж байсан. Нийгэм стресс бухимдал ихтэй байсан. Би тэр үед одоог бодвол залуу байсан. “Хилийн дээс алхаж үзэх юм сан, энэ муухай нийгмээс гарч үзэх юм сан” гэж бодоод Солонгос явж байсан. Гурван жил ажиллаж, мөнгө хурааж үзсэн. Хүний газар чанга байдаг юм байна. Дэлхий дээр байгаа бусад улс орнууд, ард түмэн бүхэн сайхан ч хүний өөрийн төрж, өссөн газар шал өөр юм байна гэдгийг ойлгосон.
Монголд ирээд одоо би хаашаа ч, аль ч улс руу ажил хийхээр явахгүй. Өөрийнхөө хөдөлмөрийг эх орондоо шингээнэ гэсэн зорилгоор энэ газрыг олж, хийж эхэлсэн. Одоо ажил маань илүү утга учиртай, илүү гоё болж байна. Хүнс зарлаа гэхэд аль болох эрүүл хүнс зарахыг хичээж байна. Би хүмүүст юугаар туслаж чадах вэ гэвэл эрүүл хүнс зарж туслаж чадна. Энд өвөл нь тэшүүрээр тоглож, зун нь завиар тоглоно гэдэг нь хүүхдүүд цахим орчноос бага ч гэсэн холдож байгаа гэж боддог.
Би өөрөө хийнэ гэхээс илүү хүмүүс эндээс санаа аваад өөрсдийгөө идэвхжүүлээд, ядаж амьдарч байгаа хашаа хороо, гудамж талбайгаа нийтийн эзэмшлийн гэхгүйгээр цэвэрлэж, тохижуулж байгаасай гэж боддог. Монгол улс гэдэг нэг туурга дор амьдарч байгаа учраас эзэн нь болж, өөрсдийн юмандаа өөриймсөг хандмаар байна.
Гадаадад очоод тэндхийн хууль дүрэм, гоё сайхныг нь бишрэх бус Монгол орноо яаж гадаад шиг болгох вэ, яаж тийм хөгжингүй болгох вэ гэж бодох хэрэгтэй. Бид гадаад улсуудыг бодвол хөгжил рүү богино зайд, дөт замаар, хурдан явж байна гэж ойлгодог. Нэг, хоёр хүн сүрхий байх биш нийтээрээ ухамсар нь тийм байвал гоё.
Энэ жил их гоё зун болсон. Хүмүүс хөдөө гадаа их аяллаа. Аялчхаад ууттай хогоо ачаад буцаад явж байсан. Энэ л их хэрэгтэй. Тэгэхгүй бол тэр хог гудамд тарж байвал хэцүү. Залуучууд маань улам л ухамсартай, зөв дадалтай болж байгаа юм шиг санагддаг.
"Хотын төвд 500 гаруй кофе шоп байна. Харин гэр хороололд нэг ч алга" гэж Ч.Ганжавхлан хэлсэн байсан. Би энэ парктаа гэр хороолол дундах анхны кофе шоп нээхээр бэлдэж байна. Аль болох хүмүүст зориулсан юм хийхийг зорьдог. Эндээс хот ч үнэхээр гоё харагддаг. Тийм учраас юу юугүй хүйтэрчихээгүй байна. Ес, арван сард манайд ирж орлого сайн оруулаарай гэж хүсье. Арван сар болтол манайх ажиллана.
Ирж урам зориг аваарай. Салбар салбартаа хичээгээрэй бүгдээрээ гэж хэлмээр байна” гэсэн юм.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.