БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун ОХУ руу энэ сард айлчилж, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзаж магадгүй байгаа тухай АНУ-ын төрийн албан тушаалтан мэдээлсэн байна.
Тодруулбал, БНАСАУ-аас ОХУ-д Украины дайнтай холбоотойгоор зэвсэг нийлүүлж магадгүй тухай төрийн тэргүүн нар хэлэлцэнэ гэсэн мэдээлэл байгаа юм. Хэрэв уулзалт болох нь үнэн бол яг хаана болох тухай байршил нь тодорхойгүй байна. Мөн нэгэн эх сурвалжийн NY Times-д мэдээлснээр Ким Жон Ун ОХУ руу өөрийн хуягт галт тэргээр явах талаар ярьжээ. Ким Жон Уны эцэг Ким Жон Ил мөн гадаад улсад айлчлахдаа галт тэрэг л ашигладаг байсан гэж эх сурвалжууд мэдээлдэг. Энэ уламжлалыг Ким Жон Ун ч мөн өвлөж, гадагш айлчлахдаа хуягт галт тэргээ ашигладаг байна. Гэхдээ түүний хуягт галт тэрэг эцгийнхээс нь өөр буюу дотроо маш тансаг, мөн сум нэвтэрдэггүй гэдгээрээ ялгаатай байна. Энэхүү болох магадлал өндөр байгаа уулзалтын тухай мэдээлэл нь цагаан ордноос ОХУ, БНАСАУ-ын хооронд зэвсгийн хэлэлцээ эрчимжиж байгаа гэж мэдэгдсэнээс дараахан гарч байгаа юм.
В.Путин болон Ким Жон Уны уулзалт ОХУ-ын Владивостокд болж магадгүй байгаа талаарх мэдээллийг мөн эх сурвалжууд өгсөн. Учир нь өнгөрсөн сарын сүүлээр хэсэг Умард Солонгосын албан тушаалтнууд Москва болон Владивостокд очсон юм байна. Хоёр орны удирдагчид хамгийн сүүлд 2019 оны 4-р сард Владивостокд мөн уулзсан байдаг. Энэ нь мөн Ким Жон Уны хамгийн сүүлд гадаадад айлчилсан тохиолдол байх магадлалтай билээ.
SOURCE: BBC