Сэлэнгэ аймаг, Алтанбулаг сумын Цөх багийн “Номт” гэдэг газар авто замын хажууд зогсож байсан бага оврын ачааны автомашины араас суудлын автомашин мөргөжээ.
Сүхбаатар сумаас зүүн хойд зүгт 10 км-т нэг хүн автомашины бүхээгт хавчуулагдсан тухай дуудлагыг өчигдөр 00:30 цагт хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 10 км зам туулан 00:47 цагт очжээ. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумаас Сүхбаатар сумын чиглэлд зорчиж явсан иргэн Т-ийн “Бонго” загварын автомашины араас мөн чиглэлд гурван зорчигчтой зорчиж явсан иргэн Г-ийн “Приус-41” загварын автомашинаа мөргөжээ.
Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат иргэн Г/43 настай, эрэгтэй/ автомашиныхаа бүхээгт хавчуулагдсан байсныг эсэн мэнд гаргаж аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэж өгсөн байна.