Нийслэлийн 53 дугаар сургуулийн сурагчид хүнд нөхцөлд хичээллэж байна. Тус сургууль нийт 4600 орчим сурагчтай. Хичээлийн нэгдүгээр байр нь 980 хүүхдийн багтаамжтай. Гэвч 2500 хүүхэд энд нэг дор хичээллэж байна. Үүнээс нэг ангид хичээллэх хүүхдийн тоо ч стандартаас давжээ. Нэг ангид хамгийн ихдээ 35 хүүхэд суралцах ёстой. Гэсэн хэдий ч энд 45-56 хүүхэд нэг ангид хичээллэж байна. Сургуулийн удирдлагууд тайлбарлахдаа “Яамнаас зөвлөмж өгөхдөө нэг ангид суух хүүхдийн тоог 45-аас хэтрүүлэхгүй байлгаарай гэсэн. Гэхдээ зарим ангид 60-уулаа хичээллэж байна” гэв.
Бага ангийн сурагчид “Гурваараа суух үед юмаа бичиж болохгүй хэцүү байдаг. Дээрээс нь анги бүгчим. Та өдөр дунд орж ирвэл ёстой хэцүү. Аймаар байдаг хэмээн ярьсан юм. Мөн эцэг эхчүүдийн төлөөлөл “Манай хүүхэд энэ жил нэгдүгээр ангид орж байгаа. Надад хэцүү л санагдсан. Хүүхдийн тоог нь багасгаж, анги танхимыг нь шийдээсэй. Хэцүү л байна шүү дээ” гэцгээж байлаа.
53 дугаар сургуулийн удирдлагууд БШУЯ-нд сургуулийн өргөтгөл бариулах хүсэлт өгсөн ч шийдэгдэхгүй өдийг хүрлээ гэж ярив. Хэрвээ одоогийн хичээлийн байртай нь ижил буюу 980 хүүхэд хичээллэх сургууль баривал сурагчид хэвийн орчинд хичээллэх боломж бүрдэх юм байна.
Ачаалал ингэж хэтэрсэн учраас 53-р сургууль энэ жилээс эхлээд 600 сурагчаа түрээсийн байранд хичээллүүлж байна. Гэвч энэ нь зориулалтын бус байр учраас шаардлага хангахааргүй зүйлс олон байна. Хичээлийн байранд явж ороход зарим өрөөний цонхных нь шил хагарчихсан, хог шороотой, коридортоо цахилгааны ил задгай утастай, улсын комисс хүлээж авсан уу гэж гайхмаар бохир орчин сурагчдыг угтаж байна.
Анги танхимын багтаамжаас гадна ширээ сандал дутагдалтай учраас энэ сургууль сүүлийн хоёр жил нийт 400 сандал ширээг эцэг эхчүүдийнхээ дэмжлэгтэйгээр сургууль дээрээ хийсэн байна.
Энэ жилийн хувьд ч ширээ сандлаа нэмж өөрсдөө хийжээ. Өнгөрсөн зургаадугаар сард 350 хүүхдийн ширээ сандал хэрэгтэй байна гэсэн хүсэлтийг салбарын яаманд хүргүүлсэн байна. Гэвч 80 ширээ л шийджээ. Иймээс сурагчид хаана сууж хичээлээ хийх вэ гэдэг нь асуудал болжээ. Яаманд дахин хүсэлт өгч дахиад 80 ширээ шийдүүлэхээр ажиллаж байна” хэмээн сургалтын менежер нь бидэнд ярьж байсан юм. “Хавар 120 хүүхэд төгсөөд 600 хүүхэд элссэн. Тэгсэн мөртлөө сургуулиа томруулахгүй болохоор аргагүй шүү дээ” хэмээн учирлаж байлаа.
Видео сурвалжилгыг дээрээс үзнэ үү.