Пап Францисын Монгол дахь түүхэн айлчлал олон үйл явдлаар дүүрэн өнгөрлөө. Тэдний нэг бол Дарханд буддын шашинтай нэгэн эмэгтэй “Ариун эх” хөшөөг олсон тухай түүх юм.
Дарханд католик сүмийнхэн ирэхээс ч өмнө Цэцэгээ хэмээх эмэгтэй хогийн цэг дээрээс уг жижигхэн хөшөөг олж байжээ. Энэ талаар Дархан дахь Сүсэгтнүүдийн туслагч Эх Мариа Католик сүмийн эцэг Эндрю Тин Гүенд хуваалцжээ.
Тэрбээр “Олон жилийн өмнө Дарханчууд хуванцар, металл зэрэг дахин боловсруулах боломжтой материал цуглуулж амьдралаа залгуулдаг байсан юм. Эдгээр хүмүүсийн дунд олон жил хогийн цэгт хог түүж явсан Цэцэгээ гэх эмэгтэй ч байсан. Нэгэн өдөр тэр хог хаягдлыг түүж байтал хувцас хунарт нямбайлан нуусан нэгэн хөшөөг олжээ. Цэцэгээ эргэн тойрныхоо хүмүүсээс хэн нэгэн нь авахыг хүсэж байгаа эсэхийг асуухад хэн ч хөшөөг тоогоогүй байна. Хөшөөний гоо үзэсгэлэн түүнийг ихэд татаж байсан тул өөрөө авах болж л дээ.
Буяны номлогч эгч нар түүний гэр бүлд зочлоход тэрээр энэ түүхээ өгүүлэн ярьжээ. Улмаар Цэцэгээ хөшөөгөө уг сүмд өргөхөөр болсон юм. Монгол дахь Ромын католик шашны тэргүүн Жоржо Маренго энэ түүхийг мэдэх хүртэл уг хөшөө сүмд хадгалагдаж байсан юм” гэж хуваалцсан байна.
Улмаар 2022 оны 12-р сарын 8-нд Жоржо Маренго уг хөшөөг Улаанбаатар дахь Петр, Паул Гэгээнтнүүдийн катедралд авчирсан аж. Энэ явдлаас хэдхэн сарын дараа Цэцэгээгийн бие муудсан тул Жоржо Маренго түүнтэй уулзахаар Дарханыг зорьсон. Цэцэгээ түүнд хандаж “Одоо би амьд мэнд байгаа нь тэр хөшөөтэй гүн холбоотой. Ариун эхийг олох үед бидний дунд гүн гүнзгий холбоо үүссэн” гэж байжээ. Хөшөөг олох үед буюу 1995 онд Монголд ердөө 14 католик шашинтан байсан гэх тооцоо бий. Энэ түүх Папын айлчлалыг тохиолдуулан CNA дээр бичигдсэн ба уг хөшөөнд “Ариун эх” гэх нэрийг Пап Францис өөрөө өгч байжээ.
SOURCE: CNA