ОХУ-ын батлан хамгаалахын сайд Сергей Шойгу БНАСАУ-д энэ оны 7-р сарын 25-наас 27-ны өдрүүдэд айлчилсан. Энэ үеэрээ тэрбээр тус улсын удирдагч Ким Жон Ун-тай ганцаарчлан уулзсан гэдгийг БНСУ-ын тагнуулын үндэсний газар мэдэгдлээ.
Тодруулбал, Сергей Шойгу ОХУ, БНАСАУ, БНХАУ хамтарсан гурван талт тэнгисийн цэргийн сургуулилт хийхийг санал болгосон гэж БНСУ-ын тал мэдээллээ. Одоогоор үүнээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй байна.
Сүүлийн үед ОХУ, БНАСАУ хоёр батлан хамгаалах салбар дахь хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр эрмэлзэж байгаа ч БНАСАУ ОХУ-д зэвсэг нийлүүлж байгаа гэсэн АНУ-ын мэдээллийг тус улс няцаагаад буй. АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби өнгөрсөн сард хэвлэлийнхэнд өгсөн мэдээлэлдээ С.Шойгу 7-р сард хийсэн айлчлалаараа БНАСАУ-аас зэвсэг, тэр дундаа их бууны сум худалдаж авахыг оролдсон гэсэн юм.
Түүнчлэн АНУ саяхан БНАСАУ, ОХУ-ын хоорондох зэвсгийн наймаатай холбоотой хэмээн гурван аж ахуйн нэгжийг буруутгаж, хориг арга хэмжээ авчээ. БНАСАУ 2006 оноос хойш зургаан удаагийн цөмийн туршилт хийсэн ба сүүлийн жилүүдэд олон янзын пуужингийн туршилт мөн хийх болсон. Гэхдээ тус улс хөрш орнуудтайгаа хамтарсан цэргийн сургуулилт хийх нь ховор юм. Харин Ким Жон Ун АНУ болон БНСУ-ын жил бүрийн хамтарсан сургуулилтын эсрэг дайны бэлэн байдалд орохыг энэ жил тушаасан билээ.
SOURCE: YONHAP