Ноолуурын үйлдвэрлэлээр тэргүүлдэг “ГОВЬ” ХК манай улсын хувцас, загварын салбарын чиг хандлагыг тодорхойлогч брэнд яах аргаггүй мөн билээ. Жил бүр тус компани хавар/зун болон намар/өвлийн цуглуулгуудаа танилцуулж, жилийн 4 улирлын турш хувцас загварын чиг хандлагыг түүчээлдэг уламжлалтай.
Тэгвэл “ГОВЬ” 2023-2024 оны намар / өвлийн шинэ цуглуулгаа өнөөдөр буюу 9-р сарын 5-ны өдөр компанийнхаа түүхт 42 жилийн ойн өдрөө хэрэглэгчдэдээ танилцууллаа. Энэ жилийн намар, өвлийн загварын чиг хандлагыг “ГОВЬ”-ийн дизайнерууд Английн эртний уугуул нутгийн өнгө аясыг орчин цагийн өнгө төрхтэй хослуулж хамгийн нарийн ширхэгт гэгдэх ноолууран дээр урлан “Town & Country” нэртэйгээр олны хүртээл болгоод байна. “Town & Country” цуглуулга ь эмэгтэй 30, эрэгтэй 13 гээд 40 гаруй загвараас бүрджээ.
Тус коллекцид ноолуурын хаан өнгө гэгдэх меланжи /mélange/ буюу хоёр өнгөний хослолыг нийцүүлж тагнай хээ /herringbone/-ээр баяжуулсан. Ингэснээр цуглуулгыг илүү энгийн атлаа эрхэмсэг хэв маягтай болгож буй юм.
Меланжи өнгө болон тагнай хээг хослуулан ноолууран юбка урласан бөгөөд уг бүтээгдэхүүн нь ноолууран хөнжил ч болох боломжтой. Юбкыг хөнжил болгох уг шийдэл нь коллекцийн онцлох бүтээгдэхүүн бөгөөд аялал зугаалгын цагт ч олон янзаар ашиглаж болох тул ухаалаг худалдан авалт болно гэхэд хилсдэхгүй.
“Town & Country” цуглуулгад гүн ухлаадастай чөлөөт загварын поло цамц багтсан бөгөөд тус бүтээгдэхүүнээр чөлөөт, ажил хэрэгч гээд олон төрхийг бүрдүүлэх боломжтой.
Зөөлөн саарал өнгөтэй, хагас босоо захтай цамцыг бөмбөгөр ханцуйгаар чимснээр таныг илүү загварлаг харагдуулна гэдэгт итгэлтэй байна. Ингэхдээ өөр өнгөтэй хоршуулалгүй зөвхөн саарал өнгөөр дагнан монохром төрх бүтээхийг зөвлөе.
Бүсгүй таны хувцасны шүүгээнд заавал байх ёстой бүтээгдэхүүн бол яах аргаггүй ноолууран платье юм. Ажил хэргийн уулзалт, үдшийн арга хэмжээ, хурим найр гээд ямар ч цаг үе, чухал мөчид таныг хээнцэр, дэгжин харагдуулах ноолууран платьег танд санал болгож байна. “ГОВЬ”-ийн намар/өвлийн цуглуулгад сонгодог хар өнгө, таны гоо үзэсгэлэнг тодотгох улаан, ялдам, эрхэмсэг байдлыг тань илтгэх бор зэрэг 5 өнгийг тус цуглуулгаас худалдан авах боломжтой.
Хүйтний улиралд таныг дулаан хэр нь загварлаг харагдуулах бүтээгдэхүүн бол мэдээж ноолууран ороолт юм. Харин “ГОВЬ”-ийн намар/ өвлийн цуглуулга бидэнд шинэлэг өнгө болон хээг хамгийн таатайгаар хослуулсан нэхмэл ороолтуудыг санал болгожээ. Тухайлбал тагнай хээг өнгөний блоктой хослуулж намрын шаргал өнгийг санагдуулам мэдрэмжийг танд төрүүлнэ гэж ГОВЬ-ийн дизайнерууд онцолж байлаа.
“Quiet luxury” буюу даруухан атлаа хээнцэр хэв маяг энэ жилийн загварын чигийг зааж байгаа бөгөөд намрын улиралд ч мөн давамгайлахаар байна. Дэлхийн загварын ордны дизайнерууд тус өнгө төрхийг түлхүү саарал болон намрын улирлыг илтгэх зөөлөн бор өнгөөр илэрхийлэхийг санал болгож байна.
“ГОВЬ”-ийн намар/өвлийн улиралд зориулан гаргасан ‘Town & Country” цуглуулгын загварууд нь дэлхийн чиг хандлагатай тун нийцэх бөгөөд орчин цагт тренд болоод буй ухаалаг хувцасны шүүгээг уг коллекцоор бүрдүүлж болох юм. Ухаалаг хувцасны шүүгээ нь таны завгүй амьдралын хэмнэлийг хөнгөвчилж цөөн атлаа чанартай бүтээгдэхүүнээр загварлаг төрхийг бүрдүүлэхийг хэлнэ.
Таны энэ намрын хувцасны шүүгээний өнгө төрх “ГОВЬ”-ийн намар/ өвлийн цуглуулгаар тодорхойлогдоно гэдэгт итгэлтэй байна.