Л.Энх-Амгалан сайд аа! Цалингаа голсон цэцэрлэгийн туслах багш нар үйлчлэгч хийж байхад 2,5 саяын цалин авдаг мэтээр худлаа мэдээ тараахаа болино уу.
Есдүгээр сарын нэгний Засгийн Газрын хуралдаанаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, “Багш нарын дундаж цалин 2 сая 673 мянган төгрөг. Гүйцэтгэлийн үнэлгээгээр үнэлэгдсэн нэгээс дөрөвдүгээр түвшний багшын дундаж цалин нь 2.5 сая төгрөг болсон” гэж мэдэгдсэн. Энэ нь орон нутгийн, зэргийн, анги даасан багшийн, үр дүнгийн урамшуулал гэх мэт зургаан төрлийн нэмэгдэл авч байж авах цалингийн дүн болох талаар БШУЯ-наас мэдээллээ. Харин бодит байдал дээр багш нарын үндсэн цалин ердөө нэг сая 337 мянган төгрөг байдаг тухай багш нар хэлж байна.
Тодруулбал,
- Арга зүйч багш нар үндсэн цалин дээрээ 10 хувийн нэмэгдэл авна.
- Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй бол мөн 10 хувиар цалингаа нэмүүлнэ.
- 25-аас дээш ажилласан багш нар 25 хувийн нэмэгдэлтэй байдаг.
Тэгвэл сайд худлаа яриад байна уу? Багш нар гар дээрээ сардаа сая төгрөг л авч байхад яагаад ингэж ярих болов?
Бид БШУЯ хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны мэргэжилтнээс энэ талаар тодруулахад, “Тийм яриа яваад байгаа. Багшийн дундаж цалин 2.5 сая төгрөг болсон гэдэг нь ийм цалин авах боломжийг нь л бүрдүүлсэн гэсэн үг” гэсэн тайлбар өглөө.
Түүнчлэн Засгийн газрын хуралдааны үеэр Л.Энх-Амгалан сайд манай улс багшийн хомсдолд ороогүй, эрэлт л үүссэн гэж мэдээлсэн бол, цэцэрлэгт л гэхэд туслах багш хийх хүн олдохгүй, анги удирдсан багш нар туслах багшгүй ачаалалтай ажиллаж буй талаар хэлж байна. Учир нь цэцэрлэгийн туслах багшийн цалин нэг сая 200 мянган төгрөг байдаг. “Ийм цалин авч ажилласнаас оффист үйлчлэгч хийсэн нь дээр” гээд ажлаасаа гарах, ажилд орохгүй байх хандлага олширчээ.