Пап Францисын Монголд хийж байгаа айлчлалыг гадаадын 150 гаруй сэтгүүлч сурвалжилж байна. Бид сэтгүүлчдийн сэтгэгдлийг сонслоо.
“ИТАЛИ” УЛСЫН TV2000 ТЕЛЕВИЗИЙН СЭТГҮҮЛЧ КРИСТИАНА ВИНКЕНЗА: МОНГОЛЫГ ДЭЛХИЙД СУРТАЛЧИЛЖ БАЙНА
Монголд тавтай морил. Монгол улс таны төсөөлөл, хүлээлтэд хэр зэрэг нийцэж байна вэ?
Тийм ээ, нийцэж байна. Ирснийхээ дараа Улаанбаатарын багахан хэсэгтэй л танилцлаа. Гэхдээ гайхалтай сайхан хот байх аа гэж бодож байна. Ногоон тал, хүмүүс гээд л Монгол бол дэлхий дахинаа гайхалтай сайхан судлагдахуун гэж би боддог.
Пап лам Монголд ирснээрээ Монголыг олон улсын анхаарлын төвд зүй ёсоор аваачиж байна. Монголын соёлыг, соёлын жижиг элементүүдийг нь хүртэл таниулж байна. Энэ талаас нь харвал энэ удаагийн айлчлал танай улсад сайхан боломж юм. Монголчууд яаж аж төрж ирснийг дэлхий даяар харж байна шүү дээ. Монголд Католик шашинтай хүмүүс цөөн. Магадгүй айлчлалын үр дүнд Монголын ард түмэн төдийгүй тэдгээр сүсэгтнүүдэд сайнаар нөлөөлөх байх аа гэж харж байна. Цаашлаад, нийгмийн зарим асуудлыг шийдвэрлэхэд ч эерэг нөлөөтэй байж болох юм. Италичууд Монголыг “Чингисийн Монгол” гэдгээр төсөөлж, ярьдаг. Пап Францисын айлчлал Монголын аялал жуулчлалын бодлогыг сурталчлах, хүмүүс Монголд очиж үзэх юмсан гэсэн бодлыг төрүүлж байгаа болов уу гэдэгт би итгэлтэй байна.
БНСУ CPBC ТЕЛЕВИЗИЙН СЭТГҮҮЛЧ МЁН ХЁН ГЮН: АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРТ ТОМ БОЛОМЖ АВЧИРЧ БАЙНА
Энэ удаагийн айлчлал Монгол улсын аялал жуулчлалын салбарт эерэг нөлөө авчирна гэж би харж байна. Сүүлийн үед Монголд БНСУ-аас ирэх жуулчдын тоо өсөж байгаа. Солонгос гэлтгүй дэлхийн олон орны иргэн Монголыг сонирхож байна. Энэ талаас нь харвал аялал жуулчлалын салбарт жинтэй үр өгөөж гарах байх гэж харж байна.
Нөгөө талаас Монгол улс бол БНХАУ болон ОХУ-ын дунд байдаг жижиг улс хэдий ч арвин түүх соёлтой гэдгийг дэлхийн олон орны иргэд өнөөдөр харж байна. Тиймээс зөвхөн нэг шашны тэргүүн ирээд явлаа гэж харахаас илүүтэй Монголын соёлыг дэлхий даяар сонирхож байна гэж үзэж болох юм. Анх удаа Монголд ирж үзээд, түүхэн айлчлал сурвалжилж байгаадаа баяртай байна.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.