Нас барсан багш нарыг хүндэтгэж, тэдний болон өөрсдийнхөө эрхийн төлөө тэмцэхээр БНСУ-ын өнцөг булан бүрээс 200,000 орчим багш өнгөрсөн бямба гарагт Сөүл хотноо цугларчээ. Хар хувцас өмссөн олон мянган багш Сөүлийн баруун хэсэгт орших Ёуидо дахь Үндэсний ассамблейн ойролцоо жагсаалд оролцож байна.
Долдугаар сард Сөүл хотноо 20 гаруй настай бага сургуулийн багш амиа хорлосон харамсалтай үйл явдал болсон. Үүний дараа багш нарын эрхийг хамгаалахын төлөөх тэмцэл хүчээ авсан юм. Үүгээр зогсохгүй, сүүлийн өдрүүдэд Кёнги мужийн Гоян, Хойд Жоолла мужийн Гунсан хотод багш нар амиа хорлох тохиолдол гарсан байна. Эдгээр багш нар эцэг эхээс ирэх дарамтын улмаас ийм харамсалтай үйлдэл хийхэд хүрсэн гэж үзэж буйгаа тэмцэгч багш нар илэрхийлж байгаа юм.
Тэд мөн Хүүхдийн халамжийн тухай хуулийн зүйл заалтад өөрчлөлт оруулахыг шаардаж байгаа. Учир нь тус хуульд хүүхдэд тодорхой сахилга бат шаардсан арга хэмжээ авбал багшийг хүүхэд хүчирхийлсэн гэж үзнэ гэж заасан байдаг байна. Улмаар засгийн газар болон эрх баригч нам долдугаар сарын сүүлчээр багш нарын эрхийг хамгаалах, анги танхим дахь эрх мэдлийг нь дээшлүүлэхэд чиглэсэн хуулийн багц өөрчлөлтийг хийхээр тохиролцсон юм.
Өнгөрсөн сарын 23-нд тус улсын Боловсролын яам багш нарыг эцэг эхийн хүчирхийллийн шинжтэй гомдлоос хамгаалах зорилгоор сургуулиудад гомдлын хариу арга хэмжээний шинэ тогтолцоог нэвтрүүлэх төлөвлөгөөг танилцуулсан байна. Тэгвэл багш нар даваа гарагт буюу өнөөдөр дахин жагсахаар болжээ. Харин боловсролын яамнаас ийм хамтын ажиллагаа нь хууль бус бөгөөд багш, захирлуудыг ажлаас нь халах эсвэл эрүүгийн хариуцлага хүлээлгэж болзошгүйг анхаарууллаа.
SOURCE: YONHAP