Японд гэрлэлтийн түвшин буурч байгаатай холбогдуулан ганц бие залуусын эцэг эх нь тэдний өмнөөс хосыг нь хайж эхлэв. Тэд болзоо зохион байгуулж эхэлсэн ч энэ нь хүүхдүүдэд нь бус, өөрсдөд нь зориулагдсан юм. Осакад 60 гаруй эцэг, эх цуглаж насанд хүрсэн хүүхдэдээ тохирох хүн олохоор бусад эцэг эхчүүдтэй хүүхдүүдийнхээ юунд дуртай, ямар сонирхолтой талаар нээлттэй ярилцаж эхэлжээ. 60-аад насны нэгэн ээж 34-тэй бага сургуулийн багш хүүгийнхээ талаар ярьж байгаа бол өөр нэг аав 49-тэй карьертаа анхаарсан хүүгээ бусдад танилцуулах зэргээр энэ арга хэмжээ үргэлжилдэг байна.
Тэд энэ уулзалтад оролцохын тулд 96 доллар зарцуулдаг. Амьжиргааны өртөг нэмэгдэж, эдийн засгийн хэтийн төлөв муу байгаа нь залуусыг гэрлэлтээс зугтаж, хүүхэд хүсэхгүй байх хандлагатай болоход ихээр нөлөөлж буй. Энэхүү уулзалтыг 20 гаруй жил зохион байгуулж буй менежер нь “Эцэг эхчүүд хүүхдэдээ хос олохын тулд иймэрхүү уулзалтад оролцох нь түгээмэл үзэгдэл болсон” гэжээ.
2021 онд шинээр бүртгэгдсэн гэрлэлтийн тоо 501 мянга 116 болж буурч, 1945 онд Дэлхийн 2-р дайн дууссанаас хойших хамгийн цөөн буюу 1970-аад онд бүртгэгдсэн гэрлэлтийн дөнгөж тал хувьтай нь тэнцсэн юм. Түүнчлэн хүмүүс хожуу насандаа гэрлэх нь ихэсч, энэ нь хүүхэд төрүүлэх боломжийг нь багасгаж байна. Тухайлбал, Японд гэрлэж байгаа хүмүүсийн дундаж нас 2021 онд эрэгтэйчүүдийн хувьд 34 байсан бол эмэгтэйчүүдийн хувьд 31 нас байсан. Энэ нас 1990 онд эрэгтэйчүүд 29, эмэгтэйчүүд 27 байсан юм. Гэрлэлтийн тоо буурсантай зэрэгцээд төрөлтийн түвшин буурч, 1,3 хувьд хүрсэн нь түүхэн доод түвшин болсон юм. Энэ бүхэн нь залуу татвар төлөгчдийн тоо тогтмол буурч, хурдацтай хөгширч буй хүн амын эрүүл мэнд, тэтгэвэр тэтгэмжийг ямар нэгэн байдлаар санхүүжүүлэх ёстой засгийн газрын толгойны өвчин болж байгаа юм.
SOURCE: CNN