Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францис манай улсад айлчилж байна. Өнөөдөр шашин хоорондын уулзалт болж байна. Энэ үеэр Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба Д.Чойжамцын хэлсэн үгийг хүргэж байна.
Тэрбээр “Хутагт гурван эрдэнэ дор бишрэнгүйгээр мөргөмүү. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Монгол улсад төрийн айлчлал хийж буй Гэгээн ширээт улсын төрийн тэргүүн, эрхэм Пап Францис ламтан таны амар амгаланг айлтган мэндчилье. Өнөөдөр шашин хоорондын энэ түүхэн айлчлалыг зохион байгуулж байгаад миний бие нэн талархалтай байна.
Бурханы шашин, Христийн шашин, Исламын шашин, Хиндү шашин зэрэг дэлхийн голлох шашнуудын ертөнцийг үзэх үзэл онолын хувьд өөр хоорондоо ялгаатай ч даян дэлхий нийт хүн төрөлхтний төлөө сайн сайхны төлөөх үйл ажиллагааных нь зорилго нь нэг чигтэй байдаг гэдэгт миний бие итгэдэг. Өдгөө 21 дүгээр зуунд хүн төрөлхтөн оюуны хөгжлийн хүчээр мэдээлэл, техник технологи хурдацтай өндөр түвшинд хүрч буй ч сэтгэлийн үнэт дотоод зүйл болох асрал энэрэл, ёс суртахуун, хүлцэл, ууч өршөөл, үйлийн үр зэргийг орхигдуулах нигууртай байна. Тиймээс уламжлалт шашнуудын зорилго, үйл ажиллагаа нь сэтгэлийн дотоод орон зайг дээрх үнэт зүйлсээр дүүргэж, хүнлэг энэрэнгүй нийгмийг бүтээхэд өөр өөрсдийн хувь нэмрээ оруулах учиртай.
Монголчууд бидний өвөг дээдэс 2000 гаран жилийн тэртээгээс буюу Хүннү гүрний үеэс эхлэн Бурханы шашныг залан түүхийн мандал буурлын жимээр замнахдаа ёс суртахууны хэм хэмжээ болон ард олныг 10 ухааны эрдмийн орноо соён гэгээрүүлж ирсэн түүхтэй. Нөгөөтэйгээр, Бурханы шашин бидний тусгаар тогтнолын суурь болсон, оюун санааны тусгаар байдалд онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн байдаг билээ.
Өнгөрсөн жарны улстөрийн үзэл суртлын нөлөөгөөр Бурханы шашин хэт доройтсон авч, 1992 онд батлагдсан Ардчилсан Үндсэн хуулиар ард олон шашин шүтэх эрхээр хангагдсан бөгөөд өдгөө Монголын Бурхан шашны уламжлал ном ёсоор сэргэж байгаа билээ.
Үүний хамгийн том илрэл нь Монголын бурхан шашны тэргүүн 10 дугаар Богд Жавзандамба хутагт маань тодрон, эдүгээ уламжлалт шашны болон орчин цагийн эрдэм номдоо давхар шамдаж байгаа нь гайхамшигтай үйл явдал болж байна.
Монголын бурханы шашинтнууд бид өнгөрсөн хугацаанд эх болсон зургаан зүйлийн ханьтан, хамаг амьтан, ялангуяа, бүс нутаг болон даян дэлхийн энх тайвны төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр мөргөл залбирлаа зориулж ирснээс гадна олон улсын уламжлалт шашин хоорондын уулзалт хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож, орон нутаг, бүс нутаг болон олон улсын түвшинд нэг нэгнээ харилцан хүндэтгэх, найрсгаар хамтран орших, байгаль дэлхийгээ хамгаалах зэрэг нийт хүн төрөлхтний сайн сайхны төлөөх хамтын ажиллагааг чухалчлан дэмжиж, өөрсдийн энх тайванч дуу хоолойгоо илэрхийлэн, түүнийгээ үйл ажиллагаандаа тусгасаар ирсэн болно” гэлээ.
УУЛЗАЛТЫГ ШУУД ХҮЛЭЭН АВЧ ҮЗНЭ ҮҮ.