Байдены засаг захиргаа АНУ-ын цэргийн техник хэрэгслийг Тайваньд анх удаа шилжүүлэх санхүүжилтийг зөвшөөрлөө. Төрийн департаментын гадаад цэргийн санхүүжилт (FMF) хөтөлбөрийн нэг хэсэг болох уг багц нь нийтдээ 80 сая доллар юм. Энэ төлбөрийг АНУ-ын татвар төлөгчид төлөх аж.
"FMF хөтөлбөр нь хамтарсан болон хосолсон хамгаалалтын чадавхи, далайн аюулгүй байдлын чадавхийг дээшлүүлэх замаар Тайванийн өөрийгөө хамгаалах чадавхийг бэхжүүлэхэд ашиглагдана" гэж төрийн депармтентын мэдэгдэлд дурджээ.
Энэ шийдвэр нь БНХАУ-ын эгдүүцлийг төрүүлнэ гэдгийг шинжээчид анхааруулж байна.
АНУ өмнө нь өөр нэртэй тусдаа хөтөлбөрөөр дамжуулан Тайваньд зэвсэг худалдаж байсан. Харин энэ удаагийн FMF хөтөлбөр нь эдгээр худалдан авалтыг хийхийн тулд АНУ-ын татвар төлөгчдийн мөнгийг Тайваньд буцалтгүй тусламжаар үзүүлэх юм байна.
Уг худалдаа нь агаарын болон эргийн довтолгооноос хамгаалах систем, баллистик пуужингийн довтолгооноос хамгаалах систем, кибер довтолгооноос хамгаалах, нисгэгчгүй онгоц, цэргийн сургалт, цэргийн бие даасан хамгаалалтын хэрэгсэл, сум зэрэг өргөн хүрээг хамарч болно. Гэхдээ энэхүү дэмжлэг Тайваньд хүрэхийн тулд хэдэн сар, хэдэн жил ч болж магадгүй байгаа юм.
Түүнчлэн өнгөрсөн жил батлагдсан хуулийн дагуу АНУ-ын засгийн газар 2023-2027 он хүртэл тус аралд цэргийн буцалтгүй тусламж үзүүлэхэд жил бүр хоёр тэрбум доллар зарцуулах эрхтэй аж.
Эх сурвалж: CNN