Сонгинохайрхан дүүргийн Толгойт бүсийн дөрөвдүгээр хороонд байрлах ерөнхий боловсролын 162 дугаар сургуулийг 2023-2024 оны хичээлийн жилээс Монгол-Оросын хамтарсан сургууль болголоо.
162 дугаар сургууль 70 гаруй багш, ажилтантай, 1100 гаруй суралцагчтайгаар хичээлийн шинэ жилийн нээлтээ хийлээ. Нээлтэд ОХУ-аас Монгол Улсад Суугаа Элчин сайд Евсиков Алексей Николаевич, ОХУ-аас ирсэн багш, төлөөлөгчид, УИХ-ын гишүүд оролцлоо.
Тус сургууль жил бүрийн 1 дүгээр ангидаа Монгол-Орос улсын хамтарсан хөтөлбөртэй сургалт явуулж улмаар 12 жилийн дараа бүрэн Орос хөтөлбөртэй сургууль болох зорилтыг тавьж байна. Энэ жилийн нэгдүгээр ангийн таван бүлэгт 170 гаруй сурагч орос хэл дээр боловсрол эзэмшихээр элсэн оржээ. Эдгээр сурагчдад Оросын холбооны улсаас 5 багш урилгаар ирж сургалт хүмүүжлийн хичээл орох юм байна.
Энэ талаар Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай "Монголын маань ирээдүй болсон үр хүүхдүүдийн маань сурч боловсрох аятай тухтай нөхцөлийг бүрдүүлж, хүүхдийн хөгжиж дэвших бололцоог хангахад олон хүний нөр их хөдөлмөр орсон. Засгийн газрын гишүүн, Хууль зүйн дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, ОХУ-аас Монгол Улсад Суугаа Элчин сайдын яам, Монгол Улсын Засгийн газарт Сонгинохайрхан дүүргийнхээ иргэдийн өмнөөс талархал илэрхийлье" гэлээ.