Хоёр настай бяцхан охиноо анх удаа цэцэрлэгт оруулж, “зөөгч”-ийн албанд шинээр томилогдсон залуу гэр бүл хичээлийн шинэ жилийн баярыг хэрхэн угтаж буй талаар бид сурвалжиллаа.
Б.Гийгүүлэн охины аавыг Б.Буяндалай, харин ээжийг нь Э.Уранбилэг гэдэг. Охины ээж анх удаа л хүүхдээ цэцэрлэгт явуулж буй учир туршлагагүй байгаагаа хэлж, охиныхоо цэцэрлэгийн бэлтгэл ажлыг 2-3 өдөр хийн, өчигдөр шөнө бараг л унтаагүй тухай ярьсан юм.
Тэрбээр, “Нэг хүүхэдтэй манай гэр бүл ингэж их ажил болж байхад, олон хүүхэдтэй айлууд яаж байгаа бол гэх бодол төрсөн шүү. Есдүгээр сарын нэгэн бол ганцхан сурагчдын биш гэр бүлийн баяр юм байна гэдгийг мэдэрлээ. Охин минь өсөж томорч байгааг харах үнэхээр сайхан байна. Бас жаахан сандраад л, айдас, догдлол давхцаж байна” гэлээ.
Биднийг өглөө 7 цаг 30 минутад очиход Б.Гийгүүлэн охин хэдийнээ сэрээд, өглөөний цайгаа уучихсан байлаа. Цэцэрлэгтээ явъя гээд хөөрч догдлох бяцхан охин цэцэрлэгийг тоглоомын талбайтай андуурч догдолсон нь энэ. Гэрээс цэцэрлэг хүртэлх замд хоёр ч тоглоомын талбай тааралдана. Тэр болгонд Б.Гийгүүлэн охин хүрэх газраа хүрчихсэн мэт тухлан тоглосоор, шинээр элсэн орсон 157 дугаар цэцэрлэгийнхээ нээлтэд очсон юм. Ингээд аав, ээждээ ээлжлэн тэврүүлж анхны нээлтээ дуусгаснаар хуваарилсан ангидаа орсон юм.
Хүүхдүүдийн уйлж, инээх дуу цангинасан танхимд ормогцоо бяцхан Б.Гийгүүлэн цочирдсон уу, гайхсан уу, их л тухгуй болж, ээжийнхээ энгэрээс салж чадахгүй уйлж эхлэх нь тэр. Ээжийнх нь нүдэнд нулимс цийлэгнээд л, аав нь анги даасан багштай нь уулзаж, байн байн, “Миний охин явсны дараа уйлаад байвал яах вэ багш аа” гэж сандарна.
Б.Буяндалай бяцхан охин Б.Гийгүүлэндээ хязгааргүй их хайртай. Загнаж, хүчлэх нь битгий хэл чанга дууны өнгөөр охинтойгоо ярьдаггүй нь илт. Түүний хувьд охин нь жаргалтай л байвал хүссэн бүхнийг хийж, хүүхэд насыг тайван сайхан байлгахыг зорьдог тухайгаа ч бидэнтэй хуваалцсан юм.
Тэрбээр энэ талаар ярихдаа, “Хүний амьдралд хүүхдээс өөр утга учир, өнгө нэмдэг зүйл гэж байхгүй юм билээ. Охиныгоо төрөхөөс өмнө эхнэр бид хоёр тухайн цаг мөчдөө жаргалтай байсан ч төрснөөс нь хойш, “Өмнө нь яаж амьдардаг байсан юм бэ” гэж боддог. Нэг цаг унтахад нь хүртэл хурдан сэрээсэй гээд охиноо хүлээдэг. Машин тэрэг, эд хөрөнгө, эрх мэдэлгүй байсан ч зулайг нь үнэрлэж, аз жаргал бэлэглэх хүүхэдтэй л бол бүх зүйлийн төлөө аяндаа хичээдэг. Өнөөдрийн тухайд их сандарч байна. Охин минь уйлахгүй үлдсэн ч, биднийг явсныг мэдээд уйлах вий гээд их айж байна” гэлээ.
Залуу хос бяцхан охиноо цэцэрлэгт нь оруулж өгчхөөд, орой хэн нь авах тухайгаа ярьсны эцэст хоёулаа ирж авахаар болсон юм.