БНАСАУ БНСУ-ын нутаг дэвсгэрийг эзлэх цэргийн командлалын сургуулилт хийлээ гэж тус улсын төрийн хэвлэлүүд мэдээллээ. Энэ нь БНСУ, АНУ хоёрын хамтарсан цэргийн сургуулилт дуусаж байх үед болсон юм.
Уг сургуулилтыг БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун Солонгосын ардын армийн жанжин штабын сургалтын командлалын байранд айлчлах үеэрээ удирдсан тухай Солонгосын төв мэдээллийн агентлаг KCNA мэдээлжээ.
БНСУ, АНУ-ын хамтарсан цэргийн сургуулилтыг Умардын зүгээс “өдөөн хатгалга” гэж үзэж буйгаа удаа дараа мэдэгдсээр ирсэн юм. Лхагва гарагт тэд АНУ-ын стратегийн B-1B бөмбөгдөгч онгоцыг оролцуулсан хамтарсан агаарын сургуулилтыг шар тэнгис дээгүүр хийсэн байна. Харин БНАСАУ-ын сургуулилт нь “дайсны гэнэтийн зэвсэгт халдлагад хариу өгөх, өмнөд хэсгийн нутаг дэвсгэрийг эзлэх зорилготой” гэж мэдэгджээ.
БНАСАУ-ын удирдагч дайснуудыг байлдааны үйл ажиллагааг нь будлиантуулж, дайн хийх хүсэл зоригийг нь "сааруулах" зорилготой гэж уг сургуулилтын зорилгыг мөн тайлбарласан байна.
БНСУ, АНУ, Япон улсууд БНАСАУ-ын цөмийн болон пуужингийн заналхийллийн эсрэг аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр тохиролцсон тул БНАСАУ ийн цэргийн хүч, тэр дундаа тэнгисийн цэргийн хүчээ нэмэгдүүлэхийг уриалсан байна.
Эх сурвалж: YONHAP