Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Гэгээн ширээт улсын Төрийн тэргүүн Пап Францис наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 4-ний өдрүүдэд манай улсад айлчилж байна. Уг айлчлал нь Монгол Улс Гэгээн ширээт улстай дипломат харилцаа тогтоосон 30 жилийн ойн хүрээнд болж байгаа юм.
Тэрээр өчигдөр тусгай нислэгээр Монголыг зорьсон бөгөөд өнөөдөр 10 цагаас Чингис хаан Олон улсын нисэх онгоцны буудалд газардах хуваарьтай байна. Өнөөдөр албан ёсны үйл ажиллагаа байхгүй. Харин маргааш түүнийг Сүхбаатарын талбайд албан ёсоор угтан авна.
Пап Францис өнөөдөр буюу ирсэн өдрөө амарна. Хол зам туулж буй тул хөтөлбөрийг ингэж боловсруулжээ.
Түүний онгоцонд 70 орчим сэтгүүлч ирж байгаа талаар “Vatican News” хуудсанд мэдээлсэн байна. Айлчлалын хүрээнд тэрээр Монголд буй 1300 гаруй Католик сүсэгтэнтэй уулзаад зогсохгүй шашин хоорондын уулзалт хийхээр болсон нь анхаарал татаж байна. Өөрөөр хэлбэл, 10-р богдтой уулзах уу гэдэг асуудал яригдаж байна.
Христийн шашны уламжлалт урсгал болох Католик урсгалыг шүтдэг 1,3 тэрбум сүсэгтэн дэлхийд бий. Тэд шашны тэргүүн Пап Францисынхаа айлчлалд онцгой анхаарч, дэлхий нийт Монголын зүг хараагаа чиглүүлж байна.