Өнөөдөр "Акуа Гарден" хотхоны удирдлагуудад Нийслэлийн Засаг даргын Албадан буулгах захирамжийг Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн хүлээлгэн өглөө.
Тэрээр "Нэн тэргүүнд иргэдийн хохирлыг барагдуулах шаардлагатай. Бид хамгийн ойр эх үүсвэр болох төсвөөс иргэдийн хохирлыг барагдуулна. Үүний дараа төрийг хохиролгүй болгоно. Бид өнөөдөр "Талбайн хэмжээг хүчингүй болгох тухай", "Хүчингүй болгосон талбайг чөлөөлөх тухай" гэсэн хоёр захирамж хүргүүлж байна" гэлээ.
Энэ үеэр “Акуа гарден” хотхоны гүйцэтгэх захирал байр сууриа илэрхийллээ. Тэрээр:
- “Манай төсөлд улс, нийслэл, яамнаас холбогдох 30 гаруй бүх зөвшөөрөл хуулийн дагуу бий. Хамгийн гол асуудал нь усны онцгой хамгаалалтын бүс зөрчсөн гэж байна. Яг энэ заалтаар манай газрын зөвшөөрлийг цуцалж, шүүхээр ороод, хууль зөрчөөгүй гэж тогтоосон шүүхийн шийдвэр байна. Усны тухай хуульд онцгой хамгаалалтын бүсийн Байгаль орчны сайд болон Барилга хот байгуулалтын сайдын хамтарсан журмаар тогтооно гэж заасан. Журамдаа үерийн хамгаалалтын далан бүхий газар онцгой хамгаалалт тогтоохгүй гэсэн заалттай.
- Одоо яригдаж буй гурван байршлын хувьд нөгөө хоёр байршил буюу S Outlet, Шунхлай хоёр нэг хүний өмчлөлийн байшин.
“Одоогоор манай төсөл 70-аас дээш хувь буюу 500 гаруй өрхийн захиалгатай”
Одоогоор энэ төсөлд 100 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт орсон. Үүний талаас илүү нь банкны өр болон захиалагчдын захиалгын мөнгө байна. Бид шүүхэд гомдол гаргах эрхтэй.
- Анх 2007 онд Засгийн газрын тогтоол 40 мянган айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд НИТХ-ын төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн тогтоолоор энэ газрыг оронсууцжуул гэж улс өөрөө олгосон. Анхнаасаа орон сууцны зориулалттай газар. Төслийн багийн зүгээс тодорхой хэсгийг буюу гуравны нэгийг усан парк болгож өөрчилснөөс биш анхнаасаа орон сууцны зориулалттай газар байсан.
- “Авлигал хороолол” гэдэг нэрийг ч “Шилэн” Цогоо гэдэг хүн зүгээр л Энхтайваны гүүр дээр явж байгаад л өгсөн нэр. Түүнээс манай төсөл хууль ёсны бүх зөвшөөрөлтэй. Бүгд нээлттэй.
- Манай барилгын ажил хэвийн явагдаж байна. Одоо л нураах захирамж ирж байна” гэлээ.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.