Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асардаг эцэг эхчүүд, иргэдийн төлөөлөлтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, олон улсын гэрээ конвенцыг хэрэгжүүлэхэд нэлээд ахиц дэвшил гарсан гэдгийг Та бүхэн мэдэж байгаа. Ойрын хугацаанд гэхэд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарсны улмаас ажил, хөдөлмөр эрхэлж чадахгүй байгаа эцэг эсвэл эхийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг төрөөс 100 хувь хариуцах зохицуулалтыг Нийгмийн даатгалын багц хуульд тусган батлууллаа. Нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүллээ. Төрийн албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг хөгжлийн бэрхшээлтэй хүний хувьд хоёр дахин бууруулсан зохицуулалтыг Төрийн албаны тухай хуульд нэмэлтээр тусган УИХ-аар баталлаа. “Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг төрөөс орон сууцаар хангахад дэмжлэг үзүүлэх хөтөлбөр’’-ийг 2023 оны долоодугаар сарын 06-ны өдөр Барилга, хот байгуулалтын сайдтай хамтран баталлаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвүүд зургаан аймагт баригдаж үйл ажиллагаагаа эхлүүлэх гэж байна.
Цаашид хэрэгжүүлэх бодлого төлөвлөгөөндөө хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн саналыг тусгаж, өөрсдийнх нь оролцоотой шийдвэрлэхийг зорино” гэлээ.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гаргасан санал санаачилгын дагуу салбарын хүний нөөцийн асуудлаар судалгаа хийх, стандартууд шинэчлэх, салбар дундын, ЭМЯ-тай хамтарсан зэрэг хэд хэдэн ажлын хэсгийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд, төрийн бус байгууллагуудын төлөөллийг оролцуулан байгуулахаар болжээ.