Сурагчдын дүрэмт хувцас хүүхдийн эрүүл ахуй, биеийн өсөлт хөгжилд сөргөөр нөлөөлж, өрхийн эдийн засагт дарамт болж байгаа тул зайлшгүй солих шаардлагатай гэж ХҮН намын боловсролын салбарын гишүүд мэдээлсэн.
Энэ асуудлаар ХҮН намын УЗ-ийн гишүүн Ц.Алтансор “ЕБС-ийн 600 мянган хүүхдийн эрүүл мэнд, өсөлт хөгжил, сурах үйл явцад сөрөг үр дагавартай, 600 мянган өрхийн эдийн засаг, санхүүгийн асуудал болоод буй 10 жилийн өмнөх стандарт бүхий өндөр өртөгтэй дүрэмт хувцасны асуудлыг нийгмийн асуудал гэж үзэхгүй бол өөр ямар асуудлыг бид ярьж төлөөлөх ёстой вэ. Зарим хүмүүс ХҮН нам том асуудал ярьсангүй, жижиг асуудал ярьж “попорлоо” гэж байна. Уучлаарай, хэний ч тоодоггүй, хэн ч өмнөөс нь дуугардаггүй, энэ улсын хүн амын 40 хувийг эзлэх хүүхдүүдийн өмнөөс дуугарч, асуудлыг нь шийдэх, шийдүүлэх гэж, олон арван жил хоцрогдсон боловсролын тогтолцоонд шинэчлэл авчрах гэж улс төрд орсон.
Тэр ганцхан ээлжийн, таталдсан хувцсыг өмсөөд та бүтэн жил ширээний ард суугаад, сурч байна гээд төсөөлөөрэй. Боловсролын шинэчлэл, хөтөлбөрийн шинэчлэл ярьж байгаа бол дагаад түүнд тохирсон сургалтын орчин, дүрэмт хувцасны асуудлыг шийдэх хэрэгтэй юм.
Социалист нийгмийн үе шиг, ямар ч сонголтгүй, хүүхдийн биед тухгүй, хөлс чийг гадагшлуулдаггүй дүрэмт хувцас өмсөхийг шаардаж байгаа нь, бас үүнийг огт тоохгүй, авч хэлэлцэхгүй байгаа нь өөрөө хүндээ ээлгүй нийгэм гэдгийг харуулж байна. Дахиад 10 жил хүчээр өмсгөхгүйн тулд дуугарч байгаа юм. Хичээлийн жил ганц байдаггүй. Цаашид маш олон "жижиг" санагдах том асуудлыг ярих болно” гэж өөрийн цахим хуудаснаа хуваалцжээ.
Мөн өчигдөр ХҮН намаас сурагчдын дүрэмт хувцасны талаар мэдээлсэн. Тэр үеэр Ц.Алтансор “Өнөөдөр сурагчид өмсөж буй дүрэмт хувцас бол 2013 оноос хойш Монгол улсын боловсролын байгууллага сургуулиуд хэрэглэж буй ЕБС-ийн хүүхдүүд заавал өмсөх ёстой дүрэмт хувцас.
Дүрэмт хувцас хүүхдүүдийг жигдрүүлэх, хувцсаараа бие биеэ ялгаварлан гадуурхахгүй байх, жигд, тэгш, шударга сэтгэлгээг хүүхдэд суулгах үндсэн үүрэг, зорилготой. Арван жилийн өмнө хийсэн энэ хувцас хүүхдийн эрүүл ахуй, биеийн өсөлт хөгжил, нөгөө талаас эдийн засгийн хувьд үр дүнтэй байж чадаж байна уу гэдэг асуудал олон нийтийн дунд сөхөгдөж байна. Өнөөдөр эдийн засгийн хувьд инфляц өндөр байгаа үед дүрэмт хувцас дунджаар 100-250 мянган төгрөгийн үнэтэй байна. Дундаж дөрвөн хүүхэдтэй гэр бүл нийт нэг сая гаруй төгрөгөөр дүрэмт хувцас худалдаж авах санхүүгийн дарамттай тулгарч байна.
Англи, Финлянд, Америк зэрэг хөгжингүй улс орнуудад ямар нэгэн логогүй, зөвхөн өнгө зааж өгдөг. Сургуулийн насны хүүхэдтэй өрхүүд амьжиргааны төвшин, эдийн засгийн боломжоосоо хамаараад заасан өнгөтэй хувцас худалдан авах боломж бүрдүүлдэг.
Жишээлбэл, маш энгийн хийцтэй, хүүхдийн биед тав тухтай, сунадаг материалтай поло подволк 15,30,40 гээд материалаасаа шалтгаалаад өөр өөр үнэтэй байна. Үүнийг хичээлд болон хичээлийн дараа өмсөх боломжтой ханцуйтай, ханцуйгүй гээд олон төрөл бий. Үүнийг бид ард иргэдэд нээлттэй болгож өгөх ёстой.
Мөн дүрэмт хувцсыг шинэчлэх зайлшгүй шаардлага үүсээд байна. Орчин үеийн хүүхдүүдийн өсөлт хөгжил, сурах арга барил, биеийн хөдөлгөөн, сургалтад чөлөөтэй хамрагдах гэдэг байдал газар авч байна. Бид үүнд тааруулж, дүрэмт хувцсаа өөрчлөхгүй бол хэвшмэл, баригдмал, үүнийг л өмсөх ёстой, ийм л байх ёстой гэдэг сэтгэлгээнээсээ гарах хэрэгтэй.
Маш цөөн тооны үйлдвэр цөөн тоогоор дүрэмт хувцас үйлдвэрлэдэг. Тиймээс эрэлт өндөр, өртөг өндөр байдал тулгарч байгаа учраас энэ саналыг олон нийтэд дэвшүүлж санаачилга гаргасан. Маш олон иргэд дэмжиж байна. Одоогийн байдлаар хоёр мянга гаруй иргэн дэмжиж байгаагаа илэрхийлсэн” гэсэн юм.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.