АНУ, БНАСАУ-ын хооронд хурцадмал байдал үргэлжилсээр байгаа энэ үед Цагаан ордноос БНАСАУ-д Украинд хийж буй дайнд зориулж ОХУ-д сум зарахгүй байхыг сэрэмжлүүлэв. Цагаан ордны үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн стратегийн харилцааны зохицуулагч Жон Кирби лхагва гарагт ОХУ, БНАСАУ-ын хооронд зэвсгийн наймаа хийгдэж байгаад АНУ санаа зовниж байна гэсэн юм.
ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу долдугаар сард БНАСАУ-д айлчилж, удирдагч Ким Жон Унтай уулзахдаа Москвад их бууны сум худалдах асуудлаар Пхеньяныг ятгахыг оролдсон гэж АНУ үзэж байна гэж Кирби нэмж хэлсэн юм. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч АНУ-ын албаны хүмүүс тагнуулын мэдээллийг хэрхэн цуглуулсан талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзсан байна.
АНУ өрсөлдөгч болон дайснууддаа, тэр дундаа Хятад улсыг Орост туслахгүй байхыг анхааруулсаар байна. Кирбигийн лхагва гарагт хийсэн мэдэгдэл нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Ким Жон Ун нар хоёр орны харилцааг бэхжүүлэхээ амласан захидал солилцсоноос хэдхэн долоо хоногийн дараа болж байгаа юм.