Оросын баруун хойд нутгийн Псков хотын нисэх онгоцны буудал руу нисгэгчгүй онгоц халдлага үйлдэж, цэргийн тээврийн хоёр онгоц гэмтсэн тухай Оросын мэдээллийн агентлагууд мэдээлж байна.
Халдлагын үеэр мөн Ил-76 тээврийн онгоц шатсан гэж албаныхан мэдээлжээ. Псков хот нь Украйнаас 600 гаруй км зайд, Эстонитой хиллэдэг байна. Ажиглагчид Украиныг сүүлийн хэдэн долоо хоногт Оросын доторх байнуудыг онилохын тулд тэсрэх нисгэгчгүй онгоц ашиглахаа нэмэгдүүлсэн гэж үзэж буй. Оросын ТАСС агентлагийн мэдээлснээр дөрвөн Ил-76 нисэх онгоц гэмтсэний хоёр нь шатсан байна. Псковын бүс нутаг өмнө нь мөн тавдугаар сарын сүүлчээр нисгэгчгүй онгоцны халдлагын бай болж байсан юм.Өнгөрсөн долоо хоногт Москвагийн төвд нисгэгчгүй онгоцны халдлага болж, үүний дараа Белгород мужийг нисгэгчгүй онгоц дайрч, гурван хүн амиа алдсан талаар Оросын албаныхан мэдэгдсэн. Эдгээр үйл явдал Оросын алсын тусгалын бөмбөгдөгч онгоцыг Украины нисгэгчгүй онгоц Санкт-Петербург хотын ойролцоо устгаснаас хэдхэн хоногийн дараа болж байгаа юм. Украины тал дээрх нисгэгчгүй онгоцны халдлагуудын талаар тодорхой мэдэгдэл хийгээгүй ч тус улсын ерөнхийлөгч Володимир Зеленский Оростой хийж буй дайн үргэлжилж байгаа тул Оросын нутаг дэвсгэрт халдлага үйлдэх нь "зайлшгүй, жам ёсны бөгөөд туйлын шударга үйл явц" гэж хэлж байсан удаатай билээ.
Эх сурвалж: BBC