Жил бүр намрын энэ үеэр газар газрын ногоочид өөрсдийн тарьсан шинэхэн ногоогоо дэлгэн, их хотын гудамж талбайгаа өнгө өнгийн ногоогоор чимдэг. Энэ жилийн намрын ургац хэр элбэг, өгөөжтэй байгаа талаар бид Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын тариаланч Ч.Эрдэнэцэцэгтэй уулзаж ярилцлаа.
-Та хэдэн жил ногоо тарьж байна?
-Арван хоёр дахь жилдээ ургацаа хурааж байна. Өөрийнхөө хэмжээнд хөдөлмөрлөөд, ногоо тарьж, зарж борлуулаад л явж байна.
-Ногоо тарихын сайхан нь юу вэ?
-Ногоогоо ургаад гараад ирэхээр л жинхэнэ бахархал төрдөг. Түүнийгээ хараад баясаад, баярлаад л. Ногоочдын жинхэнэ бахархал бол ногоо нь сайхан ургаж, амт сайтай, болц гүйцсэн байхыг харах. Хөдөлмөрийнхөө үр шимийг тэгэхэд л мэдэрдэг.
Би тэтгэвэрт гарсан хүн. Тэтгэврээ аваад зүгээр сууж болно л доо. Гэхдээ зүгээр сууж чаддаггүй юм. Ингээд жаахан ногоо тариад, ургахыг нь хараад сууж байхаар сайхан байдаг.
-Та ногоогоо хаана тарьдаг вэ?
-Ногоогоо хашаандаа тарьж, өөрөө даршилдаг. Миний даршилсан ногоонууд их сайхан амттай болдог. Хурдан ч зарагддаг. Ногоогоо тариад, арчилж ургуулаад, дараа нь дарж, амтална гээд энэ чинь их урт хугацааны хөдөлмөр. Ногоо тарьдаг хүн өвөл арван хоёр сараас гурван сарын сүүл хүртэл л завтай суудаг. Бусад үед нь завгүй л байдаг юм шүү дээ.
-Ногоогоо ганцаараа тарьдаг уу?
Тийм ээ. Хоёр охин маань уг нь хамт тарилцдаг байсан юм. Энэ жил би ганцаараа тарьсан. Нэг охин маань хөдөө мал дээр гарсан. Нөгөө охин маань гадаадад байгаа.
-Ногоо тарихад хамгийн хэцүү нь юу байна?
-Бүх ногоочдод тулгардаг асуудал нь намрын ногоо хураалтын үед хүн хүч дутах. Цалинжуулъя, ногоо хураалцаад өгөөч гэхэд хүн олддоггүй. Хоол, байр цаанаасаа, өдрийн 45-50 мянган төгрөгөөр ажиллах хүн байдаггүй. Залуучууд ажил олдохгүй, мөнгөгүй байна гэсэн хэр нь ажил дэндүү голдог. Залхуу байна уу даа л гэж харагддаг. Хүн хөдөлмөрлөөд амьдрал нь өөдлөхөөс биш уруудна гэж байхгүй. Залуус минь хөдөлмөрч байгаасай гэж л хүсэж байна.
-Энэ жил ургац хэр байна?
-Урьд урьдын жилүүдтэй харьцуулахад хавар их орой болсон. Дээрээс нь хүйтэн байна. Үүнээс болж тариалалт оройтож байна. Би саримс, төмс зэрэг ногоонуудаа оройтож тарьсан учир одоо гарч ирээгүй л байна.
-Хүнсний ногоочдоо төрөөс яаж дэмжих хэрэгтэй гэж та бодож байна вэ?
-Зээлээ хүртээмжтэй болгох хэрэгтэй гэж боддог. Хүнсний ногоочдын зээлийг ихэвчлэн компаниуд, олон га газартай ногоочид авдаг. Над шиг тэтгэврийн хөгшин, үр хүүхдүүддээ тус дэм болох гээд хэмжээндээ ногоо тарьдаг настай хүмүүст олддоггүй. Тиймээс зүгээр суухгүй гээд чармайж байгаа хөгшин настай ногоочдодоо хүртээмжтэй болгож өгөөсэй гэж хүсэж байна.
Б.Аззаяа