Улаанбаатарын иргэдийн хамгийн их санаа зовдог асуудлуудын нэг бол замын түгжрэл байдаг билээ. Хувийн компаниуд энэхүү замын түгжрэлийг бууруулах олон шийдэл эрэлхийлж байгаагийн нэг нь ‘”Hi sainuu” гэх түрээсийн дугуй болж байна.
Харин иргэдийн хувьд дугуй түрээслүүлэх үйлчилгээ хэрэглээнд нэвтэрч байгаа нь сайшаалтай ч эхлээд дугуйн замын асуудлаа шийдэх шаардлагатайг хэлж байлаа. Ингэснээр дугуй унах хүний тоо нэмэгдэх тусам авто ослын тоо нэмэгдэх магадлалтай гэв.
Түрээсийн дугуй хэрэглээнд нэвтэрсэнтэй холбоотой иргэдийн сэтгэгдлийг сонслоо. Иргэд:
– “Манай Монголд дугуйн зам төв хавьдаа гайгүй. Бусад газруудаар ховор болохоор дугуй унаж явахад төвөгтэй байдаг. Тиймээс түгжрэлийг сайн бууруулж чадахгүй гэж бодож байна”
– “Дугуйг тогтмол хэрэглээ болгоё гэхэд бидэнд зам талбай байхгүй. Тиймээс машин зам дээр дугуйтай явах хүмүүс олширч, осол их гарах эрсдэлтэй”
– “Би өөрөө ийш тийшээ дугуй унаад явчихдаг. Түгжрэлд орохгүй амар байдаг. Гэхдээ энд тэнд дугуйгаа орхиод орчихоор санаа зовоод байж чаддаггүй юм. Ийм түрээсийн дугуйтай болсноор алдчихна гэсэн айдасгүй, хүссэн газраа очоод дугуйгаа үлдээчихнэ. Ажлаа амжуулчхаад буцаад өөр дугуй аваад явсан ч болно. Тэр нь их таалагдаж байна. Түгжрэлд эерэгээр нөлөөлнө гэж найдаж байна”
– “Манай нийтийн тээврийн салбар ямар байгаа билээ. Хүнд шүү дээ. Тэгэхээр дугуй нь хүнд хүртээлтэй, зөв гэж бодож байна. Гэхдээ бидний анхаарах ёстой асуудал нь дугуйн зам. Хаана, яаж унах уу. Бид хаана ч явсан машин зам дээр унах шаардлага гараад байдаг. Энэ асуудлаа шийдэх хэрэгтэй” гэсэн юм.
Б.Аззаяа