Нийслэлийн Баянгол дүүргийн 5 дугаар хороо III эмнэлгийн автобусны буудал дээр үйл ажиллагаа явуулдаг ТҮЦ-ийн худалдагчийг үл таних 4 этгээд зодож, бэлэн мөнгө, бусад эд зүйлийг дээрэмдсэн хэрэг энэ сарын 28-29-нд шилжих шөнө гарчээ.
Хэргийг 15-23 насны нэр бүхий 4 этгээд үйлдсэн болохыг Нийслэлийн Цагдаагийн Удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ЭЦТ, Баянгол дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн ЭЦТ-ийн алба хаагчид хамтран шуурхай эрэн сурвалжлан тогтоожээ. Улмаар Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрээс дайчлан баривчилсан байна.
Дээрх этгээдүүд урьдчилсан байдлаар Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт шөнө оройн цагаар ганцаараа явж буй иргэдийг зодож, айлган сүрдүүлж эд зүйлийг дээрэмдсэн хоёр үйлдлийг тогтоов.
Иймд иргэд та бүхэн хувийн аюулгүй байдалдаа анхаарч гэрэлтүүлэггүй гудамж, талбай, газраар шөнө оройн цагаар ганц нэгээрээ зорчихгүй байх, архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэхгүй байх зэргээр болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
Эх сурвалж: ЦЕГ