Дундговь аймгийн Хулд сумын Олдох багийн нутаг Өнч гэх газарт хоёр суудлын автомашин мөргөлдөж автомашины эд ангид хүн хавчуулагдсан тухай дуудлага наймдугаар сарын 29-ний 04:10 цагт Онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Хулд сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход “Тоёота-Эстима” загварын автомашинд жолооч 46 настай эрэгтэй Г автомашины эд ангид хавчуулагдсан байсныг 20 минут ажиллан эсэн мэнд гаргаж сумын Эрүүл мэндийн төвийн эмчид хүлээлгэн өгсөн байна.
Эзэмшигч нь тодорхойгүй “Х-Трейл” загварын суудлын автомашин дотор нэр, нас тодорхойгүй хоёр эрэгтэй хүн автомашины эд ангид хавцуулагдаж нас барсан байсныг 20 минут ажиллан цогцсыг гаргаж, аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн хэмээн ОБЕГ-аас мэдээлэв.