Шинэхэн дэвтэрнүүдээ нямбай гэгч нь хавтаслан цүнхлээд, индүүдэж тавьсан дүрэмт хувцсаа ширтэж, гурван сарын хугацаанд уулзаагүй ангийн нөхдөө санагалзан, уулзахыг тэсэн ядан, догдлол дүүрэн хүлээх нандин өдөр бол наймдугаар сарын 31. Энэхүү нандин өдрийг угтан бид хичээлийн хэрэгслээ бэлдэж яваа сурагчдаас хичээлдээ орох гэж байгаа сэтгэгдлийг нь асуулаа. Тэд ангийнхныгаа маш их санаж, уулзахыг тэсэн ядан хүлээж байгаа, мөн хүүхэд насны нандин мөчөө хайрлан дурсахыг хичээдэг тухайгаа ярьсан юм.
Энэ талаар сурагчид ярихдаа:
- Намайг Намуун гэдэг. Би одоо 14 настай. Есдүгээр ангид орно. 24 дүгээр сургуулийн сурагч байна аа. Найман сарын 31-ний орой пүүзээ янзын сайхан угааж тавьчхаад л, дүрэмт хувцсаа индүүдээд өглөө болохыг хүлээдэг. Энэ жил ч мөн тийм л байна. Би ангийн дарга л даа. Ангийн дарга байх заримдаа их хэцүү. Хоорондоо муудалцаад л, “та нартай баймааргүй байна” гэчхээд есөн сарын нэгэн тулаад ирэхээр нөгөө хэдийгээ их саначихсан байдаг. Хүүхдүүдийг харахаар том болох гээд жаахан яарч байгаа юм шиг санагддаг. Миний хувьд, ганцхан олдох хүүхэд насан дээрээ нэг их том болох гэж яараад байхгүй, хөгжилтэй дурсамж үлдээнэ гэж боддог.
- Би одоо гуравдугаар ангид орно. Манай ангийнхан хэрүүлч. Хичээлийн дундуур бол зүгээр л ярилцана. Өдөр өнжүүлэх дээрээ зүгээр л зодолдоно. Найзуудтайгаа зодолдох жаахан хөгжилтэй л дөө. Зодолдох нь ч хашаа юм. Бараг л ном уншдаг даа. Хичээл орно гэхээр маш гоё байна. Би зүгээр л ангийнхныхаа бүх юманд нь дуртай. Одоо ч хичээл орлоо доо. Бүгдэд нь баярын мэнд хүргэе.
- Би өнгөрсөн жил нэгдүгээр ангид орсон. Сургуульд ороод жаахан гоё, бас жаахан муухай байсан. Яагаад гэвэл аймар их хичээл хийдэг байхгүй юу. Найзууддаа хандаж хэлэхэд, бүгдээрээ гоё байгаарай. Хичээлийн шинэ жил боллоо шүү. Бүгдээрээ хичээлээ сайн хийнэ шүү.
- Би одоо сургуульд орох гэж байгаа. Надад гоё л санагдаж байна. Сургуульд ороод хичээлээ сайн хийе гэж бодож байна. Тоо бодоод, уншиж сурна гэхээр мундаг санагдаж байна.
- Найзуудтайгаа уулзана гэхээр яг унтаж чадахгүй догдлоод байгаа. Үнэхээр гоё байна аа. Сургууль анги дээрээ очих үнэхээр сайхан. Гэхдээ үе тэнгийн дээрэлхэлт жаахан байдаг. Нэгнийгээ дээрэлхэхгүй, үе тэнгийн дээрэлхэлт гэж байхгүй байгаасай. Эвтэй найртай байцгаая найзууд аа.
Бид мөн эрдмийг өвөртлөхөөр Хөвсгөл аймгаас нийслэл хотыг зорин ирсэн нэгдүгээр курсын оюутан хүүгээс сэтгэгдлийг нь асуухад арван жилийн найзууд, ангийнхнаа их санаж байгаа тухайгаа хэллээ.
Энэ талаар ярихдаа, “Оюутан болоод эхэндээ жаахан хэцүү л байсан. Одоо жаахан дасах гээд л байна. Гялс оюутан болж төгсөөд, ажлын байран дээр гаръя гэж их боддог байсан. Гэхдээ арай бодсоноос өөр л юм билээ. Одоо бол яаж төгсөх үү гэж шаналаад л байна. Өөр ангид, өөр хүмүүстэй яваад байгаа болохоор дотно мэдрэмж ёстой төрөхгүй юм билээ. Ангийнхныгаа их санаж байна. Арван жилээ төгсөх гэж байгаа дүү нартаа, хичээлээ хийх хэрэгтэй ч, үүнээс чухал нь хөгжилтэй, хөөрхөн их дурсамж бүтээгээрэй гэж хэлье” гэсэн юм.