72 настай тэрбумтан, iPhone-ны томоохон ханган нийлүүлэгч Foxconn компанийг үндэслэгч Терри Гоу Тайванийн ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.
Терри Гоу бол баян чинээлэг, нэр хүндтэй бизнесмэн. Хэрэв тэр эрх баригч Ардчилсан дэвшилт намын эсрэг зогссон цорын ганц нэр дэвшигч байсан бол сайн өрсөлдөгч байх байсан гэж шинжээчид үздэг. Гэвч тийм биш юм.
Эсрэгээрээ, Терри Гоу нэр дэвшсэнээр 2024 оны нэгдүгээр сард болох ерөнхийлөгчийн сонгуулийн саналыг гурав хувааж болзошгүй асуудал үүсчээ.
Одоогийн эрх баригч намыг огцруулахаар хоёр сөрөг хүчин өрсөлдөж байгаа энэ үед гурав дахь хүнийг нэмбэл нөхцөл байдал улам амаргүй болно гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Энэ удаагийн Тайванийн ерөнхийлөгчийн сонгууль БНХАУ-тай харилцах харилцааг нь шийдвэрлэх чухал үр нөлөөтэй. Терри Гоугийн хувьд БНХАУ-тай Тайвань ойрхон байх хэрэгтэй гэж үздэг нэгэн ба Куоминтаны намаас нэр дэвших гэж оролдсон ч бүтээгүй. Тиймээс энэ удаа бие даан нэр дэвшинэ гэсэн юм.
Гэсэн ч түүнд өөр өрсөлдөгч бий. Тайваньд Тайванийн Ардын Нам хэмээх өөр нэг сөрөг хүчин байдаг бөгөөд түүнийг Ко Вэн Же хэмээх популист улс төрч удирддаг. Ко Вэн Же нь Тайбэй хотын захирагч асан бөгөөд одоогоор урьдчилсан санал асуулгын хоёрдугаарт бичигдэж байна. Тэрбээр Тайванийн залуу сонгогчдын дунд голлон ажиллаж байгаа юм.
Эх сурвалж: BBC