Усны хангамжийн тэжээгдлийн муж, голын энгийн хамгаалалтын бүсэд газар олгохгүй, барилга бариулахгүй байх талаар ХУД-ийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Б.Жагар болон иргэд мэдээллээ. Тэд Засгийн газар, нийслэлийн холбогдох шатны дарга нарт албан шаардлага тавьж байгаагаа илэрхийллээ.
Хан-Уул дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Б.Жагар “Усны газар, Шинжлэх Ухааны Академиас ХУД-ийн 18 болон 20 дугаар хорооны нутаг дэвсгэр дээр барилга бариулж болохгүй, Улаанбаатар хотын усан хангамжийн эх үүсвэртэй давхацна гэсэн дүгнэлт гаргасан. Зөвшөөрөл олгох мэдэл бүхий албан тушаалтнууд, дарга нар эрдэмтэд судлаачдынхаа үгийг сонсооч. Энэ нутаг дэвсгэрт байгаа Бетон арматур, Хан тамир, Баярс констракшн ХХК, Aqua Garden зэрэг байгууллагуудын талаар удаа дараа бичиг хүргүүлсэн. Туул голын эрэг дагуух барилгууд живж байна. Зөвшөөрөл олгогч албан тушаалтнууд борооны дараа гарч ирж асуудлыг шийдэх гэж байгаа юм шиг жүжиг тавихаа болих хэрэгтэй
Голын эрэг дээр барилга барьж тоглодог компаниуд барилгынх нь тодорхой хэсэг зарагдахгүй болоод ирэхээр зохиомлоор цуцлуулаад, шүүх дээр очиж ялаад, төрөөс татвар төлөгчдийн мөнгөөр хохирол гаргуулж ашиг хүртдэг бүлэглэл үүсчихсэн юм байна. Ийм замаар барилгаа борлуулж ашиг хүртэж байна. Дээрээс нь шүүхийн шийдвэрээс ашиг хүртэж байна. Үе үеийн буруу шийдвэр гаргасан дарга нарыг хорьж, хөрөнгийг нь хураах хэрэгтэй. Хохирлыг тэдний хөрөнгөөс гаргах ёстой болохоос татвар төлөгчдийн мөнгийг ийм үр ашиггүй зарцуулж болохгүй” гэлээ.
Иргэн Ж.Нямсамбуу “Туул голын яг эрэг дагуу газарт барилга барих зөвшөөрөл олгочхож байгаа юм. Энэ газарт барилга барих нь усны тухай хууль, холбогдох журмыг зөрчиж байна гээд мэргэжлийн байгууллагууд шинжлэх ухаан, эрх зүйн үндэслэлтэй дүгнэлтийг хийчихсэн.
Энэ нь бид бүхний сайн мэдэж байгаа авлига хороолол буюу Aqua garden. Үүнийг буулгана гэж яриад байгаа. Нэгэнт барьсан барилгыг буулгаж яах гээд байгаа юм бэ. Анхнаасаа бариулахгүй байх арга хэмжээ авах байсан байтал зөвшөөрөл өгч бариулчхаад одоо буулгавал татвар төлөгч бид, захиалга өгсөн олон иргэд хохирно. Зөвшөөрөл олгодог шат шатны удирдлагууд өөрсдийн буруутай шийдвэртэй холбоотой асуудлыг төсвийн хөрөнгөөр буюу татвар төлөгчдийн мөнгөөр шийддэг байдлаа болих хэрэгтэй” гэсэн юм.
Дэлгэрэнгүй мэдээллийг дээрх бичлэгээс үзнэ үү.
Б.Аззаяа