Нийслэлийн Засаг дарга иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн зам талбайг нэмэгдүүлэх зорилгоор энэ онд нийт 132 байршлын 2355 гарааш чөлөөлөх тухай захирамж гаргасан. Захирамжийн хүрээнд 102 байршлын 1813 гараашийг чөлөөлж, ажлын явц 77 хувийн гүйцэтгэлтэй байна.
Түүнчлэн 111 байршлын 8771 метр стандартын бус хашаа, хайс буулгахаас 110 байршлын 8651 метр хашааг чөлөөлсөн. Мөн Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас үерийн эрсдэлтэй бүсэд байгаа айл өрхийг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулж байгаа. Долоон дүүргийн хэмжээнд үерийн эрсдэлтэй бүсэд 2900 айлын нэгж талбар өртөж байгаагаас зөвшөөрөлтэй 2165, зөвшөөрөлгүй 735 нэгж талбар байна. Өнөөдрийн байдлаар үерийн эрсдэлтэй бүсээс 99 айлыг нүүлгэн шилжүүлсэн. Үлдсэн айл өрхүүдийг долоон дүүргийн 29 байршлын 427 га газарт нүүлгэн шилжүүлэхээр газрын байршил, нөөцийг тодорхойлж, дүүрэг болон нийслэлийн ИТХ-аар газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулан батлуулсан. Мөн Сэлбэ, Дунд голын үерийн эрсдэлтэй бүсийг тусгай хэрэгцээнд авах ажил үргэлжилж байна. Сэлбэ, Дунд гол дагуу 50.6 км урттай, онцгой болон энгийн хамгаалалтын бүс дэх 1850 га талбай бий. Үүнээс онцгой хамгаалалтын бүс дэх 534 га талбайг байгалийн нөөц газрын ангиллаар Орон нутгийн тусгай хамгаалалтад авах ажлыг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулсан бөгөөд НИТХ-д өргөн барихад бэлэн болсон. Таван дүүргийн хэмжээнд Сэлбэ, Дунд голын хамгаалалтын бүсэд 1887 нэгж талбар өртөөд байна гэлээ.