Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа нийслэлийн 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар танилцууллаа.
Тэрбээр “Өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд нийт 658 төсөл, арга хэмжээ төлөвлөсөн бөгөөд 84.6 хувийн биелэлттэй байна. Үүнээс Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн гол шугам тоноглол, 2023 оны зуны их, урсгал засварын төлөвлөгөөг Эрчим хүчний яамтай хамтран баталсан. Улс, нийслэлийн хөрөнгө болон гадаадын зээл тусламжаар 19 байршилд 28.1 км дулааны гол шугам сүлжээг өргөтгөн, шинэчлэх, шинээр татах ажлыг энэ оны тавдугаар сарын 15-аас эхлүүлсэн. Өдгөө засвар, шинэчлэлийн ажил 89.3 хувийн гүйцэтгэлтэй байна. Үүнээс Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр ашиглалтын хугацаа дууссан 15.7 км дулааны гол шугамын өргөтгөл, шинэчлэл 97.8 хувийн гүйцэтгэлтэй байгаа. Харин ЕСБХБ-ны санхүүжилтээр хоёр байршилд 3 км дулааны хос шугам шинээр татахаар төлөвлөсөн бөгөөд худалдан авах ажиллагааг зарласан.
Ус сувгийн удирдах газраас өвөлжилтийн бэлтгэл хангахаар шугам сүлжээ, барилга байгууламжийн өргөтгөл, шинэчлэл, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээтэй холбоотой нийт 32 нэр төрлийн ажил төлөвлөснөөс биелэлт 83.1 хувьтай хэрэгжиж буй.
Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын хувьд 2023 оны зуны засвараар найман байршилд 3.6 км хос шугам сүлжээ болон бусад засварын ажлыг гүйцэтгэж байгаа. Инженерийн шугам сүлжээний их болон урсгал засвар 83 хувийн биелэлттэй байгаа бөгөөд есдүгээр сарын 15 гэхэд 100 хувь дуусгахаар ажиллаж байна. Мөн инженерийн шугам сүлжээ, ариутгах татуургын худгийн засвар, түвшин тааруулах ажил 75 хувийн биелэлттэй байгаа.
Мөн 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Хот тохижилтын газар, дүүргүүдийн болон хувийн хэвшлийн тохижилт үйлчилгээний компаниуд нийт 6057 тонн бодис, 6235 тонн давс нөөцлөхөөр төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 1121 тонн бодис, 3025 тонн давс нөөцлөөд байна.
Зам талбайн цэвэрлэгээний 25 байгууллагын 290 тусгай зориулалтын тоног төхөөрөмжид засвар, үйлчилгээ хийн, өвөлжилтийн бэлтгэлээ хангаж байна. Нэмэлтээр БНХАУ-аас бодис цацах 11 техник, зам талбайн шүүрт машин зургааг захиалсан гэв.
Хотын дарга өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд төлөвлөсөн их болон урсгал засварын ажлыг хугацаанд нь хийж, машин механизм, тоног төхөөрөмжүүдийг яаралтай татан авах, давс бодисын нөөцөө сайтар бэлтгэх хэрэгтэйг анхааруулав.