Удаан хугацааны туршид хуваагдал, талцалтай явж ирсэн АН-ынхан эвлэрэх замаа засаж байна. Тэд хэрүүл маргаантай ч гэсэн хурлаа хийж, ҮБХ-оороо дэд дарга нараа сонголоо. Нийт 15 дэд даргатай байхаар болсныг зарим хэсэг нь “Арван таван толгойтой атгаалжин хар мангас” гэж егөөдсөн бол нөгөө хэсэг нь “Энэ чинь л Ардчилсан нам. Хурлаасаа өмнө нь дарга нь тодорхой болчихдог МАН-аас ялгаатай хэмээн бичиж байна.
УИХ-ын гишүүдийн тоог 126 болгосонтой холбоотойгоор Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо гишүүдийнхээ тоог дөрөв дахин нэмж, 504 болгожээ. Намын дарга С.Гантөмөрийн саналаар 15 хүнийг дэд дарга болгож, С.Баярцогтыг тэргүүн дэд даргаар томилжээ. Үүн дунд Х.Баттулгын, С.Баярцогтын, С.Эрдэнийн гээд фракц болгоноос хүмүүс багтсан байна. Тэдний заримыг нь товч танилцуулбал:
АН-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА С.БАЯРЦОГТ
Түүнийг олон нийт АН-ыг удирдах эрхгүй хүн гэж дүгнэж, шүүмжлэх нь олон байна. Гурван шатны шүүхээс ял сонссон ч шүүх дээр хэргээ аргалсан С.Баярцогтыг АН-ыг 40 тэрбум төгрөгөөр худалдаж авлаа гэдэг яриа бий. Тэр бол Ц.Элбэгдоржийн талыг төлөөлөх хүн.
АН-ЫН 15 ДЭД ДАРГЫН ТУХАЙД
Р.Амаржаргал – МҮДН фракцийн төлөөлөл. Хашир туршлагатай, бохир асуудалд харьцангуй бага орооцолдсон, АН дотроо нэр хүнд гайгүйд тооцогддог улстөрч.
Ц.Уртнасан – С.Эрдэнийн “баруун гар”. С.Эрдэнийг ХНХ-ын сайд байх үед НДЕГ-ыг даргаар ажилласан байсан нэгэн. Мөн Э.Одбаяр нь С.Эрдэнийн талын хүн юм.
Ц.Жадамбаа, Р.Эрдэнэбүрэн, Б.Галиндэв нар Н.Алтанхуягийн талын хүн.
Ч.Өнөрбаяр – Ц.Элбэгдоржийн хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан. Түүний ойрын хүн.
Ш.Түвдэндорж – Х.Баттулгын талаас орж ирсэн хүн. МоАХ фракциас гаралтай.