Талибаны засгийн газар эмэгтэйчүүдийг Афганистаны Бамиян мужийн Банд-е-Амир үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зочлохыг хоригложээ. Талибаны засгийн газрын ариун ёс журмын сайдын үүргийг гүйцэтгэгч Мохаммад Халед Ханафигийн хэлснээр эмэгтэйчүүд цэцэрлэгт хүрээлэнд хижаб өмсөөгүй тул ийм арга хэмжээ авсан гэжээ.
Тэрбээр шашны зүтгэлтнүүд болон аюулгүй байдлын байгууллагуудад хандаж, ямар нэгэн шийдэлд хүрэх хүртэл эмэгтэйчүүдийг оруулахыг хориглохыг уриалав.
Банд-е-амир нь 2009 онд Афганистаны анхны үндэсний цэцэрлэгт хүрээлэн болсон аялал жуулчлалын томоохон газар юм. Энэ нь гэр бүлийн хүмүүсийн очих дуртай газар бөгөөд эмэгтэйчүүдийг зорчихыг хориглосноор олон хүн цэцэрлэгт хүрээлэнг үзэх боломжгүй болж буй юм. ЮНЕСКО уг цэцэрлэгт хүрээлэнг "Геологийн тусгай тогтоц, бүтэцтэй, байгалийн болон өвөрмөц гоо үзэсгэлэн бүхий байгалийн цогцолбор" гэж тодорхойлсон байдаг.
Афганистаны парламентын гишүүн асан Мариам Солайманхил хуучнаар Твиттер гэгддэг X хуудсанд хоригийн талаар бичсэн шүлгээ хуваалцаж, "Бид буцаж ирнэ, би үүнд итгэлтэй байна" гэж бичжээ.
“Human rights watch” хүний эрхийг хамгаалах байгууллагын ажилтан Ферешта Аббаси эмэгтэйчүүдийн тэгш эрхийн өдрөөр эмэгтэйчүүдийг цэцэрлэгт хүрээлэнд зочлохыг хориглосон нь "Афган эмэгтэйчүүдийг бүхэлд нь үл хүндэтгэсэн хэрэг" гэж бичжээ. Афганистан дахь эмэгтэйчүүдийн аж байдал, эрхийн асуудал улам дордож буйг хэвлэлүүд мэдээлж байна.
Эх сурвалж: BBC