Хөнгөн атлетикийн түүхэнд ДАШТ-д 11 удаа тасралтгүй оролцсон амжилтаараа Гиннесийн дээд амжилт тогтоосон МУГТ Бат-Очирын Сэр-Од нь 1981 оны аравдугаар сарын 7-нд Говь-Алтай аймагт төржээ. Өдгөө 42 настай тэрээр “Хүч” спорт хорооны тамирчин, цагдаагийн офицер хүн юм. Түүний гэргийг Оюунтуяа гэдэг. Дундын зайн гүйгч байсан. Тэд нэг хүүтэй. Б.Сэр-Одын хамгийн сайн дасгалжуулагч нь түүний эхнэр бөгөөд одоо ч гэргийнхээ дасгалжуулалт дор бэлтгэлээ хийдэг байна.
Б.Сэр-Одыг Монголын хөнгөн атлетикийн тамирчдаас анхны олимпод оролцох эрх авсан тамирчин гэдгээр нь хүмүүс сайн мэднэ. Тэрээр 1997 оноос эхлэн хөнгөн атлетикаар хичээллэсэн бөгөөд анх бага ангидаа спортын өдөрлөгөөр гүйлтийн тэмцээнд нэгдүгээр байрт орсноосоо хойш гүйлтийн спортод сонирхолтой болсон байна.
2002 оноос хойш марафонд 74 удаа, Олимпын наадамд таван удаа оролцжээ. 2024 оны Парисын Олимпын наадамд оролцох эрхээ авч чадвал тэрээр Олимпын наадмын марафоны төрөлд зургаан удаа оролцсон анхны тамирчин болох юм.
Б.Сэр-Од Монгол Улсын Хөнгөн атлетикийн спортын марафон гүйлтийн дээд амжилтыг 10 удаа шинэчлэн тогтоосон байдаг.
Б.Сэр-Од 2013 онд Хонконгд зохиогдсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд 2 цаг 17 минут 47 секундэд барианд орж Алтан медаль авснаар Монголоос анхны Азийн аварга болсон хөнгөн атлетикийн тамирчин юм. Б.Сэр-Од Дэлхийн Хөнгөн Атлетикийн холбооны албан ёсны сайтад өгсөн ярилцлагадаа 20 жилийн турш хөнгөн атлетикийг орхилгүй тууштай хичээллэснээ хоёр зүйлтэй холбон тайлбарлажээ.
Тэрээр “Нэгдүгээрт би гүйх дуртай, гүйж байхдаа хамгийн аз жаргалтай байдаг. Нөгөө нь үргэлж дэргэд минь байдаг гэргий маань юм. Гэргий минь миний дасгалжуулагчаар 17 жил ажиллаж байна. Гүйж байхыг маань хараад, хажууд түшиг тулгуур болж байгаа нь бүгдийг үнэ цэнтэй болгодог" гэсэн байна.