Олон нийтийн сүлжээнд “Хотын дарга Д.Сумъяабазар нь согтуудаа хүн дайрсан гэх хэргийг хааж” шийдвэрлэсэн талаар нийтлэгдсэн. Энэ талаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Батбаатар мэдээллээ.
Тэрээр "Нэр бүхий сэтгүүлч өөрийн цахим хуудсанд “хохирогчтой, баримттай, олон гэрчтэй, ноцтой, санаатайгаар үйлдсэн хэргийг прокуророос хааж шийдвэрлэлээ, гэмт хэргийг дахиж нээлгэнэ” гэх утга бүхий зүйлийг нийтэлсэн байсан.
Энэ мэдээлэлд дурдагдсан зам тээврийн ослын талаарх дуудлага, мэдээлэл, гомдол цагдаагийн байгууллагад ирээгүй, бүртгэгдээгүй байсан.
Тээврийн цагдаагийн албанаас гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй мэдээлэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж, осол болсон гэх газрын автозамын хяналтын камерын бичлэг, нийслэлийн Түргэн тусламжийн газар болон Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн өвчтөн хүлээн авсан бүртгэлд үзлэг хийсэн. Мөн гэрч нараас мэдүүлэг авах зэрэг ажиллагаа явуулсан материалыг хянахад зам тээврийн осол гарсан болох нь тогтоогдоогүй. Мөрдөгчийн санал үндэслэлтэй байсан тул хуульд заасан эрхийн хүрээнд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах шийдвэрийг гаргасан" гэжээ.