Украины хамгийн алдартай сөнөөгч нисгэгчдийн нэг болон өөр хоёр нисэх хүчний цэргүүд агаарт осолдож амь үрэгджээ. Андрей Пилщиков Оросын дайны эхэн үед Киевийг тойрсон тулаанд оролцож, алдар нэрийг олж авсан. Украины цэргийнхэн нисэх хүчнийхний үхлийг "нөхөж баршгүй" гарз хэмээгээд Пилщиковыг "асар их мэдлэг, асар их авъяастай" нисгэгч хэмээн хүндэтгэжээ.
Ослын үеэр хоёр Л-39 сургалтын онгоц Украины хойд нутгийн дээгүүр нисч явсан байна. Нислэгийн бэлтгэлийн дүрмийг зөв дагаж мөрдөөгүйн улмаас Житомир мужид осолдсон эсэхийг албаныхан шалгаж эхэлсэн байна. Тус бүс нутаг нь нийслэл Киевээс баруун тийш, фронтын шугамаас хэдэн зуун бээрийн зайд оршдог.
Ерөнхийлөгч Володимир Зеленский ээлжит видеондоо цэргүүд амиа алдсаныг баталж "Украины тэнгэрийг хамгаалсан хэнийг ч улс орон хэзээ ч мартахгүй" гэж мэдэгджээ.
Өнгөрсөн намар Орос Украин руу хэдэн зуун далавчит пуужин, нисгэгчгүй онгоц хөөргөхөд Пилщиков МиГ-29 сөнөөгч онгоцны нисгэгчийн дайралтыг таслан зогсоох гэж оролдсоныхоо талаар ВВС-д хуваалцаж байжээ.
Тодруулбал "Таны даалгавар бол далавчит пуужингуудыг сөнөөж, хүмүүсийн амь насыг аврах, хотыг аврах явдал юм. Хэрэв та чадахгүй бол хэн нэгэн хэдхэн минутын дотор үхэх болно, та үүнээс сэргийлж чадаагүй” гэж байжээ. Тэрбээр мөн Украины нисэх хүчинд элсэх насан туршийн "мөрөөдлийн" тухайгаа ярьж, түүнийг өөрийн "зорилго" гэж үзэж байсан байна. Пилщиковын найз Мелания Подоляк ч мөн түүний нас барсан болохыг баталж, нисэх хүчнийхээ тэмдгийн зургийг олон нийтийн сүлжээнд нийтэлжээ. Украины цэргүүд мөн тун удахгүй F-16 сөнөөгч онгоцыг жолоодох сургалтад хамрагдах юм.
Эх сурвалж: BBC